Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэнэ

Төрийн орон сууцны корпорациас “Буянт-Ухаа” орон сууцны хороололд түрээсийн байранд орох хүсэлтэй 350 айл өрхийн иргэдийг энэ сарын 21-нээс бүртгэж эхэлсэн. Өнгөрсөн хоногуудад өндөр настангууд, залуу гэр бүлүүдийг бүртгэсэн бол өнөөдрөөс эхлэн хувийн хөдөлмөр эрхлэгчид, хувийн байгууллагын ажилтнуудыг бүртгэж эхэлсэн байна. Түрээсийн орон сууцны үнийн тухайд нийслэлд бол сарын 200-280 мянган төгрөг, орон нутагт бол сарын 140-230 мянган төгрөг байх юм.

Бүртгэл хэрхэн явагдах вэ?

Ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх энэхүү бүртгэл нь дараах байдлаар иргэдийг бүртгэж байгаа юм.

-Өндөр настангууд энэ сарын 21, 22-нд

-Залуу гэр бүл/2016 оны нэгдүгээр сарын нэгнээс өмнө гэрлэлтээ батлуулсан/ -энэ сарын 23,24-нд,

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хувийн байгууллагад ажиллаж буй иргэд- энэ сарын 25-28-нд,

-Бага насны хүүхдүүдтэй буюу 0-18 насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийг энэ сарын 30-нд тус тус бүртгэх юм.

Бүрдүүлэх бичиг баримтын тухайд,

  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
  • Өргөдөл
  • Орлого тодорхойлох баримт бичиг
  • Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

Дашрамд, тухайн иргэн нь,

-Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн,

-Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг,

-Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой,

-Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэнхангамжтай орон сууцгүй байх шаардлагатай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ