ЦЕГ: Эрүүгийн хуульд улстөрийн хэрэг гэсэн зүйл заалт байхгүй


Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн бөгөөд цагдан хорих арга хэмжээг авсан байгаа юм. Тэгвэл хорих ангид хоригдож байгаа түүнийг өлсгөлөн зарласан гэх мэдээлэл өчигдөр гарсан бөгөөд үүнд ЦЕГ-аас албан ёсны тайлбар хийлээ.
Тодруулбал, Г.Түвшинжаргал өлсгөлөн зарласан гэдгийг үгүйсгэсэн бөгөөд хэрвээ сэжигтэн, яллагдагч хэрэв өлсгөлөн зарлахаар болвол эхлээд харьяалагдаж буй хорих анги нь прокурорт мэдэгдэх ёстой байдаг аж. Үүний дараа хоригдож буй иргэнийг эмчийн үзлэгт хамруулж, тусгаарлах арга хэмжээ авдаг аж. Тиймээс өнөөдөр 11.00 цагийн байдлаар Г.Түвшинжаргал албан ёсоор өлсгөлөн зарлах болсон тухай мэдэгдлээ холбогдох байгууллагад өгөөгүй гэдгийг мэдэгдэв.
Түүнчлэн Г.Түвшинжаргалын ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь түүнийг улстөрийн хэргээр цагдан хорилоо гэсэн мэдээллийг нийгэмд тарааж байгаа юм. Гэтэл Монгол Улсын эрүүгийн хуулинд “Улс төрийн хэрэг...” гэх зүйл заалт байхгүй гэдгийг батлан хэлэв. Түүнээс гадна мөрдөн байцаагч нь мэдүүлэг авахгүй байна гэсэн ташаа мэдээллийг ч үгүйсгэв. Өчигдөр гэхэд хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нь уулзаж,тухайн сэжигтнээс мэдүүлэг авчээ. Мөн Г.Түвшинжаргалыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа ч хүүхэдтэйгээ уулзах, хүүхдээ хөхүүлэх эрх нь нээлттэй байгаа гэдгийг ЦЕГ-ын албаны эх сурвалжууд онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ