385 мянган га-д тариалалт хийнэ

Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал нийт 385.3 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөж бэлтгэл ажлыг хангаж байна.
Үүнд:
- Тариалангийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого, Тариалангийн тухай хуулийг тус тус шинэчлэн боловсруулж батлуулсан.
- Тариалалтад дутагдах буудайн үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, шинэ техник тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлсэн.
- Дутагдах буудайн үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор тариалан эрхлэгч 16 аж ахуйн нэгжид 15.0 мянган тонн, ТЭДС-тай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид 4.0 мянган тонн, нийтдээ 20 шахам мянган тонн үрийн буудай импортлох зөвшөөрөл олгосон.
-2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайд батлагдсан төсөвт нь багтаан мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна. Урамшууллыг 4 дүгээр сарын эхээр санхүүжүүлнэ.
- УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 42 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлж 2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр Хөгжлийн банктай хамтран ажиллаж байна.
-Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 2880, үр тарианы үрлүүр 2170, хөрс боловсруулах техник 5200, төмс хүнсний ногооны үрлүүр 358 ажиллах бөгөөд техникийн засвар, сэлбэг хангамжийн нөөцийг бүрдүүлэх ажил хийгдэж байгаагийн зэрэгцээ БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн 125-165 морины хүчтэй тракторыг 20 хувийн урьдчилгаа төлбөртэй 4 жилийн хугацаатай зээлээр олгож байна.
-2016 оны тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд шаардагдах 20.0 мянган тонн дизелийн түлшийг импортын онцгой албан татвараас чөлөөлөх асуудлыг боловсруулан холбогдох яамдаас санал авч Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ