Мал үржүүлгийн техникчид зөвлөлдөв

Малын удмын сангийн үндэсний төвөөс хөдөө орон нутгийн Мал үржүүлгийн техникч, тоо бүртгэгч нарынхаа өмнөх оны ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж, малын үржлийн ажлын чиглэлээр баримталж буй бодлого, түүний хэрэгжилт, зохиомол хээлтүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ, 2015 оны зохиомол хээлтүүлэг явуулсан ажлын үр дүнгийн дүн талаар зөвлөлдлөө.
Зөвлөгөөний үеэр ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Я. Алтангэрэл Монгол улсын Мал аж ахуйн салбарын бодлого, зорилтын талаар мэдээлэл хийсэн юм. Мөн 2015 оны сүүний үхрийн гарваль, ашиг шимийн бүртгэл мэдээллийн сангийн бүрдүүлэлт, Дархан-Уул аймгийн Хонгор суманд баригдаж буй Малын удмын сангийн үндэсний цогцолборын ашиглалт, зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг сайжруулах, үржлийн бүртгэл мэдээллийн бүрдүүлэлт, зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээний төлөвлөлт зэрэг асуудлаар зөвлөгөөнд оролцогсод харилцан санал солилцлоо.
Зөвлөгөөний төгсгөлд оны шилдгүүдээ тодруулж, үржлийн техникч тоо бүртгэгчдээс ажлаараа бусдыгаа манлайлсан Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 21 хорооны Жаргалант, Аршаант хэсгийг хариуцсан үржлийн техникч Л.Цэдэнсодномыг Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Төв аймгийн Батсүмбэр сумын техникч П.Наранбаатар, Төв аймгийн Борнуур сумын техникч Д.Гэндэндарам нарыг оны тэргүүний үржлийн техникчээр, Төв аймгийн Батсүмбэр сумын тоо бүртгэгч П.Отгон, Сонгино хайрхан дүүргийн 21 хорооны тоо бүртгэгч Ц.Туяа, Г.Алтангэрэл нарыг оны шилдэг тоо бүртгэгчээр шалгаруулан шагнаж урамшууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ