Г.Түвшинжаргал буруугүй ба буруутай

УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хэрэгтэй холбогдуулан Г.Түвшинжаргалыг баривчилсан. Тодруулбал, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудлаар түүнийг Эрүүгийн хуулийн 148.4-т заасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Олон нийт уг баривчилгааны талаар хөндлөнгийн шүүгчийн зүгээс ажиглаж байна. Ер нь энэ хэргийн өрнөлийг төмөр зам, Тавантолгойн асуудлаар хөнжилдөө хөлөө жийлцэж байгаа эрхмүүд тодорхой мэдэж л байгаа.
Г.Түвшинжаргал буруугүй
Г.Түвшинжаргал нь нэг ой гурван сартай хөхүүл хүүхэдтэй эмэгтэй. Хэдийгээр хүүхэдтэйгээ уулзах, хөхүүлэх эрх нээлттэй ч тодорхой хэмжээгээр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нь түүний буруу биш. Түүнийг өмөөрч эмэгтэй түшээд үгээ хэлснийхээ төлөө олон нийтээс зарим талаар зэмлэл хүртэж байгаад тэр бас буруугүй.Харин эрхэм түшээд зөвхөн түүнийг л онцолсонд иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Г.Түвшинжаргал шиг нялх хүүхэдтэй олон эмэгтэйчүүд өргөст торны цаана байгаа. Гэтэл төрийнхөн ч, түмэн олон ч зөвхөн түүнд л анхаарал хандуулж, үгээ хэлж сууна.
Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэмтэн шиг хандаж байна гэж хэлээд гомдох нь түүний буруу биш. Уг хэрэгт холбогдон шалгуулах ёстой эрчүүд нь зугтсанд ч тэр буруугүй.
Ямартай ч туслах хүний хувьд удирдлагынхаа үгийг дагах нь түүний буруу биш ээ.
Г.Түвшинжаргал буруутай
Хууль хяналтын байгууллагыг хууль бус ажиллагаа явуулсан гэж хэлж байгаа. Харин хуулийн дагуу баривчилсан гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлсэн.
Сэжигтнийг хуульд заасан үндэслэл байгаа бол хорьдог. Гагцхүү энэ нь ял бус таслан сэргийлэх арга хэмжээ. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 148.4 гэсэн заалтад тусгасан онц ноцтой хэрэгт буруутай байж болзошгүй гэсэн үндэслэлээр арга хэмжээг авсан байна. Иймд хуулийн дагуу явуулсан ажиллагааг хууль бус хэмээн олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь буруу. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 21.1-т: “Гэмт хэргийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй...” гэсэн заалт ч бий.
Эцэст нь хэрэв гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй бол суллагдах нь тодорхой. Энэ бол цаг хугацааны асуудал. Гэтэл бусдын жишгээр өлсгөлөн зарлаж, шалгуулахын эсрэг байр суурьтай гэсэн сэтгэгдлийг төрүүлж байгаад өөрөө буруутай.
Г.Түвшинжаргал нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед Хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтнээр ажиллаж байгаад Үйлдвэр хөдөө аж ахуйн Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргалын тушаалаар тус яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Үнэлгээний хороо нь Сайншанд орчимд байгаль орчны үнэлгээ хийхтэй холбоотой тендерийн ажлыг хариуцаж байжээ. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хэргийг шалгах ажлын хэсгийнхэн тэднийг зөвхөн нэг талбайд буюу 3500 га газарт үнэлгээ хийж, улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан гэж үзэж байгаа гэнэ.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Эрх мэдэлгүй, туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юу гарах юм бэ? Ингэж сэтгэл санаа руу нь дайрч байна. Хамгийн гол зүйлийг нь та нар мэднэ. Тавантолгойн ордыг 60, цаашлаад
100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Би энэ талаар удаа дараа хэлсэн” гээд“Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан. Цаашид би илүү ихийг илчилнэ.” гэсэн.
Тэгвэл “Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал “Бид дур мэдэж Тавантолгойд хөрөнгө оруулъя гэж очсон зүйл хаана ч байхгүй. Зарласан шалгаруулалтын нөхцлийн дагуу материалаа өгсөн, оролцсон. Эхлээд тендерт шалгаруулсан хэдий ч сүүлд нь улстөржилт болоод гацсан. Тэр шийдвэр яаж гарах, хэнийг сонгон шалгаруулах нь төрийн мэдлийн асуудал. Бид Тавантолгойн гэрээтэй, гэрээгүй бизнесээ, урдах ажлаа хийгээд л явах болно. “Энержи Ресурс”-ын гадаад, дотоодоос татсан бүх хөрөнгө оруулалт эцсийн сохор зоос хүртлээ Монголын эдийн засагт, Монголын бизнесүүдэд, монгол хүмүүст шингэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсад бүртгэлтэй намууд дотор “Нүүрсчин нам” гэж байдаг эсэхийг би мэдэхгүй. Элдэв нэр хоч өгч, хүмүүсийг талцан хагаралдуулах гэсэн оролдлого шиг л харагддаг.” /news.mn/ гэжээ.
Үнэхээр хийгээгүй хэргийн төлөө эх үрийг салгаж байгаад эмзэглэж байна гэдгээ батлахын тулд бүгдийг нь илчлээд бүх асуудлыг цэгцлэх гарц УИХ-ын гишүүн Х.Баттулгын зүгээс харагдаж байна. Гэтэл Г.Түвшинжаргалыг хорих хугацааг 14 хоногоор сунгаснаас хойш 10 гаруй хоног өнгөрлөө.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ