“Татар”-ынхан 60 удаа тоглоно

“Бусдын хайрыг хүндэл” дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан Татар хамтлаг өнөөдөр “Метромалл” худалдааний төвийн урд байрлах “Хаан Гэр” салбарт хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд уран бүтээлдээ ханцуй шамлан орсон бөгөөд 10 жилийнхээ ойн босгон дээр удаан хүлээсэн фэнүүддээ зориулан олон шинэлэг зүйлсээр бэлэг барихаар бэлтгэл ажлууд хангажээ. Тэдний нэг нь төрсөн өдрөө тохиолдуулан фэнүүддээ зориулж буй “Нөлөөллөөс дээгүүрт” цомог юм. Тэд энэхүү цомгоороо нэрлэсэн аян өрнүүлж байгаа бөгөөд дүүрэг бүрт фен клубээ нээх юм байна. Мөн "Нөлөөллөөс дээгүүрт" сэдэвт залуучууддаа уриалсан архины эсрэг аян хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд хүүхэд залуусыг буруу нөлөөлөөс дээгүүр, ухамсартайгаар, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа өндөржүүлэхэд чиглэсэн зорилготой юм байна.Тэд энэ аянаа нээж зургадугаар сарын 2-ны 19.00 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд шинэ уран бүтээлээрээ тоглолт хийж фэнүүддээ бэлэг барихаар болсноо дуулгалаа.
Мөн зургадугаар сарын 5-наас эхлэн хоёр сарын хугацаатай 60 удаагийн аялан тоглолтыг Улаанбаатар хотын бүх дүүрэгт хийхээр төлөвлөжээ. Аялан тоглолтынхоо явцад хандивын данс нээж ажилуулах бөгөөд цугларсан бүх хандивыг архины эсрэг байгууллагуудын үйл ажиллагаанд хандивлана.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ