Х.Баттулга, Ж.Мөнхбат нар хууль зөрчиж байгаа юуюу

Жудагт монгол холбооноос өнөөдөр эрх чөлөөний талбай дээр Эв нэгдлийн жагсаал хийсэн. Энэ үеэр МоАХ-ны дарга Х.Баттулга сонгож болохгүй гишүүдийн нэрсийг зарлалаа. Үүнээс сонгуулийн өмнө ийнхүү олон нийтэд сөрөг пиар хийж, уриалах нь хуульд хэр нийцэх юм бол гэсэн асуудал гарч ирж байна. Ямартай ч тэрээр “МАН-аас Сү.Батболд, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Л.Элдэв-Очир, Д.Цогтбаатар, Д.Хаянхярваа, Д.Зоригт, АН-аас Ч.Сайханбилэг, Г.Батхүү, С.Баярцогт, МҮАН-аас М.Энхсайхан нарын цөөн тооны эх орондоо элэггүй улстөрчдийг төрөөс таягдан хаяхыг МоАХ-ны нийт гишүүд дэмжигчид монгол орон даяар уриалж байна. Та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү.”гэсэн юм.
Мөн МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Хар жагсаалт” гэгчийг Монголын улс төрд оруулж ирж, түүгээрээ дамжуулан УИХ, орон нутгийн сонгуулиар дэмжиж болохгүй этгээдүүдийн нэрийг жагсаан олон нийтэд танилцуулна гэсэн. Одоогоор түүний хар жагсаалтанд багтсан эрхмүүд тодорхой бус байгаа. Сонгуулийн тухай хуулийн дагуу 18 хоног л сурталчилгаа хийхээр заасан. Тиймээс сонгуулийн өмнөхөн хар жагсаалтыг олон нийтэд дэлгэх юм гэнэ. Тэрээр албан ёсоор нэрсийг зарлах үедээ сахлаа авна хэмээн мэдэгджээ. Түүний зарлан тунхаглах үйлдэл ч мөн хуульд нийцэх үү? А.Мөнхбат хэлэхдээ “Алдаагаа хүлээн зөвшөөрч, засч залруулахгүй гэвээс залуучуудын ээлж ирэх үед та нарыг огтхон ч эргэлзэхгүй дүүжилнэ гэдгийг бүү мартаарай. Үнэхээр но-гүй байх аваас сонгуульд нэр дэвшүүлэн дэмжихэд бид бэлэн байгаа.” гэжээ. Тэгэхээр сонгуульд нэр дэвшигчид түүнээс зөвшөөрөл авах ёстой болж байна. Иймд эрхэм төрийн түшээд эртнээс хаяагаа манаж эхэлсэн байлгүй дээ.
Энэ бүгдээс харахад сүүлийн үед төрийн бус байгууллагууд улс төржих явдал газар авах болжээ. Өнөөдрийн цуглаанд олон тооны төрийн бус байгууллага, холбоод оролцсон байна. Түүнчлэн залуусын тодотголтой дээрх байгууллага ч ийнхүү улс төрд ханцуй шамлан орсон.
Төрд үүргээ ухамсарлахгүй, болохгүй байгаа хүмүүс байгаа нь үнэн. Эх орноо худалдхаас буцахгүй цайрчихсан луйварчид ч бий. Олон удаагийн сонгууль түшээдийг хэн нь хэн болохыг харуулсаар, таниулсаар л байгаа.Урьд нь сонгогчдын боловсролын төв зэрэг сонгогчдод мэдээлэл, мэдлэг олгох чиглэлээр ТББ-ууд идэвхтэй ажилладаг байсан бол, харин одоо сонгогчдыг тулган шаардсан олон үйл ажиллагаа зохион байгуулдаг байгууллагууд олширчээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ