АТГ-ынхан Замын-Үүд дэх гаалийн байцаагчдыг шалгаж сандаргаж байна


АТГ-ын 20 гаруй албан хаагчид өнгөрсөн шөнө Замын-Үүд дэх автозамын боомтод десант буужээ. Ингэхдээ тэд энгийн хувцастай орж ирээд АТГ гэсэн бичигтэй хантааз өмсөөд, нэг ч хүнийг гадагш гарч болохгүй гэсэн тушаал өгсөн байна.
Нэгжлэг өчигдөр оройны 20 цагаас эхэлсэн бөгөөд үүрийн 05 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд өнөө өглөөнөөс эхлэн зарим албаны хүмүүстэй уулзалт хийж эхэлсэн байна. Учир нь АТГ-ынханы энэхүү шалгалтын явцад гаалийн байцаагчдаас багагүй хэмжээний мөнгө гарган хураан авсан аж. Шалгалтын талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Шалгалт хийгээд явж байгаа нь үнэн.
Одоогоор ямар нэгэн зөрчлийн шинжтэй зүйл илэрсэн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Бид ажлаа хийгээд явж байна” гэлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус гаалийн ажилтнууд 15 хоног тутамд ээлж солигддог бөгөөд өнөөдөр сарын сүүлийн өдөр учраас дараагийн ээлжнийхэн ээлжээ хүлээлцэж авах байсан юм байна. Ийнхүү хэрэг зөрчил их гаргаж, авлига хээл хахуулд идэгдсэн гэх Замын-Үүдийн хилийн боомтын байцаагчдыг байцаан шалгаж, ажлын байран дээр нь нэгжлэг хийж сандаргаж байгаа ажээ.
Г.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ