Манай улс хүүхдийн баярыг 59 дэх жилдээ тэмдэглэж байна

1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Харин 1959 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглалыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байв. Уг конвенц 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдаж, үүнд дэлхийн 191 орон нэгдсэн нь хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Манай улсын хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны тавдугаар сарын 8-нд их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуусын санаачилгаар байгуулагдсан. Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд тав дахь орон болж нэгдэн, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулж, 1996 оны тавдугаар сарын 8-нд батлан гаргасан байна. Монгол Улс жил бүрийн зургадугаар сарын 1-нийг Хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглээд59 жил өнгөрчээ. Өнгөрсөн 59 жилийн түүхэнд зургадугаар сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн байна.

Харин дэлхийн түүхнээ энэхүү баярыг янз бүрээр тэмдэглэдэг байна. Хамгийн сонирхолтой нь Африкийн Танзани улсын орлого сайтай гэр бүл, хувь хүмүүс ядуу буурай өрхийн хүүхдүүдэд туслах аян өрнүүлдэг. Энэ нь тус улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр явагддаг байна. Африкийн дийлэнх улсад спортын алдартай тамирчид хүүхдүүдэд бэлэг тараах, тэдний боловсролд чиглэгдсэн сургалт зохион явуулдаг. Тухайлбал, Камероны хөлбөмбөгч Самуэль Это’О өнгөрсөн онд улсынхаа ядуу буурай өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, иж бүрэн хувцас бэлэглэсэн юм. Энэ нь ойролцоогоор 1.2 сая ам.доллар болсон байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ