Ц.Баярсайхан заанд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Гавьяат тамирчин, улсын заан Ц.Баярсайхан бусдаас хуурамч бичиг баримт ашиглан 500 сая төгрөг залилсан хэргийг шүүх давж заалдах шатны хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд болсон билээ.

Харин давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хурлаас Ц.Баярсайхан заанд 11 жилийн хорих ял, чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хураах, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Хэргийг сануулбал, тэрбээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 2011-2013 онд “Мах импекс” компанид мах нийлүүлдэг байсан. Т.Алтанцэцэгийг хуурч мэхлэх бодол байгаагүй. Гэхдээ түүнд хуурамч гэрээ үзүүлсэн нь үнэн. Одоо хохирогчид 390 сая төгрөг өгөх дутуу, 110 саяыг нь өгсөн” гэжээ. Харин хохирогч болсон Т.Алтанцэцэгийн хэлснээр “Ц.Баярсайханы хадам дүү Б.Таванбаяр эхлээд зээл авмаар байна гэж утсаар ярьсан.

Ингээд Ц.Баярсайхан нь дөрвөн өрөө байраа барьцаалан 200 сая төгрөгийн зээл манай банк бус санхүүгийн байгууллагаас авсан. Дараа нь надтай уулзах хүсэлтэй байгаагаа хэлэн “Мах импекс” компанийн захирлын Г.Бүдрагчаа, Ч.Уламбаяр нарын гарын үсэгтэй гэрээ үзүүлж мах нийлүүлдэг тухайгаа хэлж, мөнгө хэрэгтэй байна гэсэн.

Хүмүүсээс Ц.Баярсайханы талаар судлахад мах нийлүүлдэг нь үнэн гэж байсан тул итгээд 65:35 хувиар ашгаа хувааж авах гэрээ хийхээр болсон. Мөнгөө өгөхгүй байхаар нь “Мах Импекс”-ийн гүйцэтгэх захиралтай уулзахад Ц.Баярсайхантай гэрээ хийгээгүй болох нь тодорхой болсон. Надад “Мах Импекс” компанийн захирлын гарын үсэгтэй хуурамч гарын үсэг үзүүлсэн болохыг мэдсэн" гэж анхан шатны шүүх, давж заалдах шүүх хурал дээр мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Ч.Уламбаяр, Г.Бүдрагчаа нарын хэлснээр “2014 оны дөрөвдүгээр сард Ц.Баярсайхантай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Харин 2011 онд манайхтай гэрээ байгуулж байсан удаа бий” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ