Хүүхдийн гэх болгон хааччихав

Зоддог, тамладаг, алдгийг нь энэ удаа дурдахаа байя. Тэртээ тэргүй бид өдөр бүр ийм мэдээ сонсдог, уншдаг, бас үздэг билээ. Сүүлдээ ч бүр дасах янзтай. Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ “Хүүхдийн хүчирхийлэл өмнө нь ч байсан юм.
Шинэ юм биш” гэжээ. Үнэндээ ч тийм. Гэхдээ түүнээс чинь салах л гэж манай улс Хүүхдийн эрхийн конвенцэд 1990 онд элссэн баймаар. Улмаар, зургаан жилийн дараа “Хүүхдийн эрхийн” гэх хууль гаргасан юм.
Тэр хууль ёстой л цаасан дээр үлджээ, одоо бодоход. Хэрэв хэрэгжсэн бол өнөөдрийнх шиг зэрлэг, балмад хэрэг гараа ч уу, үгүй ч үү. Заавал бие махбодод нь халдсанаар хүчирхийлэл болохгүй. Оюун санааны хүчирхийлэл гэж түүнээс аймаар юм бий. Олон улсын хүүхдийн эрхийн өдөр өнөөдөр тохиож байна.
Манайх “Эх, үрсийн баяр”-ч гэдэг. Анхны Ерөнхийлөгчийн зарлигаар тийм баяр болгож орхижээ. Өнөөдөр мэдээж тэд баярлана. Чухам яаж гэдэг нь сонин байгаа юм. Дээхнэ, хүүхдүүд эцэг, эхээ дагаад Хүүхдийн паркт очиж тоглодог байв.
Өнөөдөр ч очно. Харин хэрхэн тоглох нь тодорхойгүй байна. Хүүхдэд зориулсан энэ газрыг эрх мэдэлтнүүд аль дээрээс л булаахыг нь булааж, буудал, баар, барилга болгочихсон билээ. Тал хувь нь л үлдсэн байх. Тоглоомынх нь үнэ дэндэх сурагтай.
Хүүхдийн гэхээсээ илүү насанд хүрэгчдийн уудаг иддэг, унтдаг хэвтдэг газар болох шинжтэй.
Болж ч орхижээ. Хажууханд нь “Бамбарууш” гэх хөөрхөн кафе байлаа.
Зөвхөн хүүхдэд /эцэг, эхтэйгээ очих нь ойлгомжтой/ үйлчилдэг байсан юм шүү. Одоо гадаад өвгөд дагасан монгол охид шар айраг шимдэг газар болжээ.
Хүүхэд асрах төв, нярайн сувиллыг харахад нүд халтирам болж. Хүүхэд асрах төвийн газрыг танаад, цөөхөн хүүхэд түр орогнуулах байр болгосон нь харамсалтай.
Сувилал нь ч утга чанараа удахгүй алдах төлөвтэй. Горькийн нэрэмжит хүүхдийн номын сан хамгийн түрүүнд цайны газар, баар болсон түүхтэй.
Түүний араас номын сан, тоглоомын ганц нэг байгууллага шуурчихсан даа. Баянгол дүүрэгт өчигдөр хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад орлоо гэсэн ганц сайхан мэдээг эс тооцвол, хүүхдийн гэх болгон алга болжээ.
Цаашид нэмэгдэх горьдлого ч алга. Энэ бол хүүхдийн эсрэг өдөөсөн ёс зүй. сэтгэлзүй, оюун санааны хүчирхийлэл юм. Үүнтэй тэмцэх учиртай ч хэрэгждэггүй, хүчин мөхөс “Хүүхдийн эрхийн хууль”-ийг яалтай вэ?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ