"Хоногийн зээл" хэмээх хохироогч

Зовлонгийн өмнө бөхийхгүй, тэмцлийн галд шантрахгүй омог өөдөө явсан монголчууд “Хоногийн зээл” гэгчийн өмнө өвдөг сөхрөв. Ёстой л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх гэж үйлээ үзэж яваа иргэд хоногийн зээлд амь, амьдралаа алдаж эхэллээ.

Хоногийн зээл аваад л өрийн сүлжээнд орж эхэлсэн дээ. Эхлээд зээлэхэд аврал мэт санагдаж байсан ч аваад төлөөд эхлэхээр бүхий л зүйлээ гаргуунд гаргах хүртэл дарамтад оруулдаг хоногийн зээл гэгч юу вэ. Танаас барьцаа шаардахгүй, сарын арван хувийн хүүтэй зээлийг танд санал болгоно. Болзол нь бас боломжийн юм шиг санагдана. Хүү, үндсэн зээлийн төлбөрөө оруулаад өдөр бүхэн төлөлт хийнэ гэсэн ганцхан болзолтой. Гэвч өдөр бүхэн төлөх үнийн дүн нэг л мэдэхэд эргээд зээлдэгчид дарамт болж хувирна. Эхний зээлээ төлөхийн тулд дараагиййн зээлдэгчид хандана. Ийнхүү өртөөлөн зээлсээр нэг л мэдэхэд өрийн дарамтад орж, өөдөө явсан амьдрал уруудаж эхэлнэ. Эдийн засаг хямрахад мөнгө хүүлэгчид яг л арван толгойтой атгаалжин мангас мэт амилж эхэлдэг. Нийгмийн хамгаалалт сул, төрийн алдаатай бодлогын хөрс суурин дээр тэд амилдаг. Тэднээс хууль ёсны, хүнлэг энэрэнгүй, хувь хүнийг дээдэлсэн харилцаа нэхэх боломжгүй гэдгийг бас давхар хэлэх ёстой. Учир нь тэдний хувьд зээлдэгчид нь мөнгө үржүүлэх талбар болохоор аль болох зээлийн дарамтад орж, тэдний мөнгийг ямар ч аргаар хамаагүй өсгөж өгч байх ёстой “Манкурт боол” болж харагддаг. Тиймээс багыг зээлээд ихийг эргүүлэн авч, зээлсэн мөнгөнийхөө дарамтад орж, сүйдэж буйг харах нь таашаал байдаг гээд хэлчихэд буруудахгүй. Хэрэв тэд зээлийн дарамтаас гарч, өрийн сүлжээг тасар татан хаявал мөнгө хүүлэгчидийн орон зай хумигдана.

Худалдааны томоохон төвд лангуу түрээслэн ажилуулж байгаад бараа татахын эрхэнд хоногийн зээл авсан нэгэн өнөөдөр лангуу ч үгүй өрийн хэлхээсэнд бүдчиж явна. Зээлээс зээлийн хооронд явсаар нэг л мэдэхэд өнөөдөр амиараа ч төлөөд дийлэхгүй их өртэй болсон. Анхнаасаа төр засаг харж үзээд боломжийн хүүтэй, болзолтой зээл олгодог байсан бол ингэж амьдрахгүй байлаа. Банкны зээл гэдэг иргэдэд бус дарга нарт л олддог азын сугалаа юм билээ. Төр засгийн эрхэмүүд нуусан асар их хөрөнгөө ил болгохын тулд өөрсөддөө зориулж хууль батлаад өршөөлд хамрагдана. Хулгайлсан, хумсалсан хэргээ ч өршөөлд хамруулна. Түүнийгээ ард түмнийхээ төлөө хийж буй буянт үйл мэт зарлана. Яг үнэндээ өөрсдийнхөө зээлийг, хулгайлсан зүйлээ л ил болгож байгаа болохоос ард түмэнд тэр хууль нь ямар ч хүртээл байхгүй. Дэнжийн мянгын Должинд, Баянхошууны Балжин чавганцад ач зээ нараасаа нуумагласан цайны сүүний мөнгө л байна биз дээ. Тэднийг мянга шалгаад ч өршөөлд хамруулах хэмжээний ганц төгрөг гарч ирэхгүй шүү дээ. Өрийн сүлжээнд орсон иргэдийн өр бүгд нийлээд нэг яамны эрх мэдэлтний казинод тоглоод алдсан мөнгөн дүнд хүрэхгүй шүү дээ.

Агсрах аргаа барах хоёрын хооронд дээрх үгсийг хэлсэн хүний үгнээс та энэ нь буруу гээд хэлэх зүйл байна уу. Үнэхээр юу билээ гэж бодов.

Зээлээ төлөхийг шаардаж, лангуун дээр нь ирэх өр нэхэгчийн өмнө хүчин мөхөсдөх бүсгүй. Байгаа бүхнийг нь хамж одох харгис дээрэнгүй нэгэнд хууль эс үйлчлэх. Зээлсэн нь үнэн бол эргүүлж төлөх ёстой гэсэн хатуу чанд хууль л үйлчилнэ. Харин ийм зээлийн үйлчилгээ үзүүлж болох эсэх болох бол ямар болзол нөхцөлтэй байх ёстойг төр зааж өгсөнгүй. Энэхүү зээлийн үйлчилгээг олон улсад хориглодог. Харин манайд бол далдуур дэмждэг шахам. Цагдаа, хүчний байгууллагад энэхүү шударга бус зээлийн талаар гомдол гаргаад хэрэгүй дээ. Учир нь тэд зээлдэгчийг хамгаалж, зээлдэгчидийг буруутгадаг. Цаагуураа ямар хэлхээ холбоо байдгийг бид мэдэхгүй ч мөнгөтэйд нь үйлчилдэг Монголын бичигдээгүй хууль Үндсэн хуулиас ч хүчтэй цаг үед бид амьдарч байна гэх хоржоонтой үгс аргаа барсан хүний хэлэх л үг.

Нар өөдөө харах эрхгүй хоногийн зээлийн өрөнд баригдагсад өдрөөс өдөрт нэмэгдсээр хүн амын багагүй хувийг эзлэх хэмжээнд хүрээд байна. Улс орон хөгжинө гэдэг өргүй,сэтгэл тэнэгэр, аз жаргалтай хувь хүн, өрх гэрээс эхэлдэг. Харин хоногийн зээлийн хүүнд баригдаж, боолын дөнгөнд өдрөөс өдөрт дөнгөлөгдөж буй ард иргэдээ хөсөр хаях аваас улс орон улам бүр дарангуйлагчийн дүр төрхтэй болж харагдана.

Дэлхийн улс орнуудад хуулийг ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал, түүнээс урган гарах нийгмийн харилцааны шударга байдлыг хангах гэж баталдаг бол манай улсын хууль төр барьж буй эрх мэдэлтэнүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх үүднээс хэлцэгдэж, батлагддаг. Энэ нь хуулийн шударга байдал үгүй болж, нийгмийн ялгарал хүчтэй болоход нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн ялзарал хэнд зориулж хууль батлав гэдгээс эхэлж байна. Энэхүү ялзралыг арилгахгүйгээр төрийг эрүүлжүүлэх тухай санаад ч хэрэггүй.

.

Нарантуул захаар яваад үзээрэй. Хоногийн зээлээс болж хохирсон мөн ч олон хүн бий дээ. Тэдний үгийг төр сонсдоггүй юм, мөнгөтэй хүний буруутай үг, үйлдлийг ч хамаагүй төр хамгаалж, өршөөнө үү гэхээс мөнгө зээлсэн хүн буруутан болдог хэн ч бичээгүй, батлаагүй хууль үйлчилдэг хар бараан амьдрал хөшигний цаанаас ил болж эхэллээ. Удахгүй хоногийн зээлийн өрийн хүүнд амиа, амьдралаа, үр хүүхдээ, хань ижилээ, улс орноо ч өгөхөд бэлэн болоод байна

Т.Лхагва

СЭТГЭГДЭЛ БИЧИХ