Гүний уурхайн захирлаар Марко Пирэсийг томилло

“Оюутолгой” компани Гүний уурхайн төслийн захирлын албан тушаалд Марко Пирэсийг томиллоо. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжлэн хийгдэж байгаа энэ цаг үед уг томилгоо хийгдэж байна.
Марко Пирэс энэ албан тушаалын хүрээнд Оюутолгойн гүний уурхайн “Хойд Хюго ордын Ашиглалтын нэгдүгээр давхар” төслийг хариуцан ажиллах юм байна.Марко нь Бразил, Канад, Австрали улсуудад зэс, алт, поташ, никель, коксжих нүүрсний чиглэлээр 30 гаруй жил ажилласан арвин туршлагатайт аж.
“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх хэлэхдээ “Төлөөлөн удирдах зөвлөл Марког “Оюутолгой” компанийн ахлах удирдлагын багт нэгдэн ажиллах болсонд таатай байна. Түүний томилгоо нь Оюутолгойн боломж бололцоог бүрэн эзэмшиж, аюулгүй ажиллагааг эрхэмлэн, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоон, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах эрхэм зорилгод хүрэхэд түлхэц өгөх чухал үйл явдал боллоо” гэлээ.
“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй“Гүний уурхайн бүтээн байгуулалт нь Оюутолгойн урт хугацааны ирээдүйг баталгаажуулахад чухал ач холбогдолтой. Энэ төслийг хэрэгжүүлэх, аюулгүй ажиллагааны соёл, үйл ажиллагааны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн сайжруулахад Марко шиг мэдлэг туршлага арвин хүнтэй хамтран ажиллах болсондоо таатай байна” гэж хэллээ.
Тэрбээр "Рио Тинто"-гоос өмнө “BHP Billiton Mitsubishi Alliance” компанийн Нүүрсний төслүүд хариуцсан захирлын албан тушаалд нөөц илэрсэн төслүүдийн хөгжүүлэхээс эхлээд бүтээн байгуулалт хүртэл үйл явцыг хариуцан ажиллаж байсан. Түүнээс өмнө Марко “Vale” болон “Anglo American” компаниудад бизнесийн хөгжил болон төслүүд хариуцсан ахлах албан тушаалуудыг хашиж байв. Тэрбээр уул уурхай, металлургийн инженер мэргэжлээр бакалавр, бизнесийн удирдлагаар магистрын зэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ