Цэргийн госпиталийнхан ажилт хаялт зарлаагүй гэв

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу хуучнаар Цэргийн госпиталийнхан өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн бужигнаж эхэлжээ.

Тус эмнэлгийн эмч, ажилчид цалингаа гүйцэд аваагүй, ажиллах нөхцөл орчин шаардлага хангахгүй байна зэргээр удирдлагуудаа дарамталж шантаачилж эхэлсэн бололтой. Бүр цалингаа нэмэхгүй бол ажил хаяна гэж сүрдүүлж айлгасан сурагтай. Цалин гүйцэд аваагүй гэсэн үндэслэлээр ажил хаяхаар болсон ч хуулиараа бол тэд ажил хаях хориотой юм. Тиймээс Үйлдвэрчний эвлэлийн салбар хорооноос нь удирдах дээд байгууллага болох ЗХЖШ-ынханд албан шаардлага хүргүүлжээ.

Энэ дагуу дээрх байгууллагаас гэнэтийн шалгалт оруулж, цалингаа нэмүүлэхийг хүссэн тэмцэгчидтэй нь уулзах, тавьсан шаардлагыг судлах зэргээр “ гал унтраах” арга хэмжээ авч, амралтын өдрүүдийг өнгөрөөжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ажил хаясан зүйл байхгүй. Ганц нэгхэн хүн цалингаа нэмүүлэх ёстой, ажиллах орчноо сайжруулах талаар шаардлага эмнэлгийн удирдлагуудад хүргүүлсэн байгаа.

Түүнээс салбарын сайдад шаардлага хүргүүлээгүй, тусгай анги гэж явдаг учраас ЗХЖШ-ын удирдлагуудад шаардлага хүргүүлж, хариугаа хүлээж байгаа. Харин эмнэлгийн удирдлагуудыг өнгөрсөн пүрэв гаригт Батлан хамгаалах яамны удирдлагууд хүлээж авсан” гэв.

Дашрамд дуулгахад Цэргийн госпитал эмнэлэг шинэ өргөтгөлтэй болж бөгөөд өнгөрсөн сард шинэ эмнэлгийнхээ нээлтийг хийж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ