З.Баянсэлэнгэд шаардлага хүргүүлнэ

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд З.Баян-Сэлэнгэ болон Төрийн орон сууцны корпорацийн захирал нарт шаардлага хүргүүлэхээр болсноо мэдэгдлээ.

Тэдний мэдээлж буйгаар "Түрээсийн орон сууцны бүртгэл, квот зэрэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхсан, доромжилсон үйл явдал болсон. Өнөөдөр манай улсад 108100 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний 300 гаруй нь түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байгаа аж. Тэд бүгд төлбөрөө төлөх чадамжтай гэдгээ илэрхийлжээ. Харин энэ хүмүүсээс сугалаагаар 18 хүн авах нь тохиромжгүй" гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сонсголгүй, хэл ярианы чадваргүй учраас нэг өдрийн дотор энэхүү журмыг танилцуулаад, маргааш нь шууд бүртгэлийн ажлыг явуулсан нь тэдэнд бүрдүүлэх бичиг баримт болон ойлгох цаг хугацааг ч олгоогүй зэрэг эрхийг нь зөрчсөн гэдгийг тэдний зүгээс хэлж байлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс төрсний гэрчилгээ болон халамжийн газраас хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь нотлох баримт бичиг авчир гэсэн шаардлага тавьсан талаар тэд мэдээллээ.

ТОСК-ийн бүртгэлийн үйл ажиллагаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа учир Барилга хот байгуулалтын сайд З.Баян-Сэлэнгэд шаардлага хүргүүлэхээр болжээ.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ