Хар тамхины хэрэгт холбогдсон хүүг шүүхээс ял шийтгэлгүй үлдээжээ

Өнгөрөгч баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд, иргэн 19 настай Эрдэнэхүү, 21 настай Хулан нарт холбогдох Эрүүгийн хуулийн 192.1 буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч Эрдэнэхүүг каннабисын төрлийн ургамлыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг хийсэнд тооцож, нэг жил есөн сарын хорих ял оноолоо. Харин шүүгдэгч Хуланд каннабисын төрлийн ургамал борлуулах зорилгогүйгээр авч, насанд хүрээгүй Л-д мансууруулах бодис хууль бусаар олж авсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сарын хорих ял оноосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүрийг нэг жилийн хугацаагаар Баянзүрх, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс хяналт тавихаар болжээ. Харин уг хэрэгт холбогдсон гэх насанд хүрээгүй буюу 15 настай Л-ыг хуулийн өмнө хариуцлага хүлээх чадваргүй гэж үзэн шүүхээс ял шийтгэл оноогоогүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ