Л.Цог, Н.Батцэрэг нарыг чөлөөлнө


УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг, бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар бүлгээс гарч байгаатай холбоотойгоор УИХ-ын даргад албан тоот хүргүүлэхээр тогтсон талаар мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг хэлэхдээ, "Гишүүд бүлгээс гарах эсэхийг хэлэлцэн шийддэг хууль дүрэм байдаггүй юм байна. Иймээс тэдний гаргасан шийдвэрийг УИХ-ын даргад өнөөдөр бичгээр хүргүүлэхээр боллоо" гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Цог бүлгээс гарч байгаа учраас УИХ-ын дэд даргын суудлаа өгнө. Тиймээс нэр дэвшигчийн нэрийг пүрэв гаригт чуулганы хуралдаан дээр сонордуулах юм байна. Түүнчлэн Н.Батцэрэг бүлгийн даргын ажлаа өгөх хүсэлтээ удаа дараа гаргасан тул шинэ даргын томилгоог мөн энэпүрэв гаригт хийхээр болсон талаар мэдээллээ.
Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариултыг өгсөн юм.
-Эвслийн бүлгээс нэг гишүүн гарвал бүлэг задрах, цаашлаад Засгийн газар чадамжгүй болж болзошгүй гэдэг үүднээс та бүхэн дотроо ярьж байгаа юу?
- Н.Батцэрэг: Одоогоор хэн нэгэн гишүүн бүлгээс гарна гэсэн санал санаачилга гаргаагүй. Миний хувьд үгүй биз дээ гэсэн итгэлтэй байна.
-О.Баасанхүү гишүүн бүлгээсээ гарна гэсэн яриа байгаа юм?
-З.Баянсэлэнгэ: О.Баасанхүү гишүүнтэй хараахан уулзаагүй байна. Гишүүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас харахад бүлгээс гарах тухай, намаас татгалзах тухай асуудал дээр “Үгүй” гэсэн байр суурь гаргасан байсан. Үүнээс харахад тийм байх боломжгүй гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт аливаа гишүүн бүлэг доторх байр сууриас өөр санал гаргах байдал бидэнд бишгүй тохиолдож байсан. Ганцхан манай бүлэгт энэ асуудал тохиолдоод байгаа юм биш. Бусдын адил л ажиллаж байна. Бүлэг дотор санал зөрөлдсөн болгоноор нь тухайн гишүүнийг бүлгээс гарах нь гэсэн таамаг дэвшүүлэх нь бүдүүлэг юм. Тийм учраас аливаа асуудал дээр байр суурь нэгтгэх, эсвэл байр суурь зөрчилдвөл өөр өөрийн байр сууриа илэрхийлээд явж байна.
-Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч нь танай намд хэзээ элссэн бэ?
-З.Баянсэлэнгэ: -Намын гишүүн биш. Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, салбараа мэддэг, энэхүү салбарыг өөд нь татаад явах чадамжтай, салбарын тулгамдсан асуудлыг баг хамт олны туслалцаатайгаар өөрчлөн шийдэх боломжтой гэж үзэж намын харьяаллыг чухалчлаагүй. Мэдлэг боловсрол, салбартаа хийж бүтээсний нь үнэлж нэр дэвшүүлсэн. Энэ хүн бол өмнө нь тус салбарт удирдах албан тушаал хашиж байсан, аль Засгийн газарт ажиллаж байсан эсэхийг үл харгалзан нэр дэвшүүлсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ