А.Эрдэнэбат: Д.Дагвадорж 10 сая ам.доллар залилсан

"Live energy" уул уурхайн компанийн захирал А.Эрдэнэбат хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр сумогийн их аварга Д.Дагвадорж төслийнх нь 10 сая ам.долларыг өөрийн хувийн данс руу шилжүүлж, завшсан боловч өөрийгөө хохирогч мэтээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тарааж байна гэлээ. Тиймээс энэ хэргийг шалгуулахаар Арбитрын шүүхэд хандсан гэдгээ хэлсэн юм.
Тэрбээр “Би долоон жилийн өмнө их аварга Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан нартай холбогдсон. Манай төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдыг Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нар надад танилцуулсан. Тэр хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Хуан Ёу Лун байсан. Хуан Ён Лунгийн эхнэрийг монголчууд Хуанжү гэг гэх нэрээр нь танина. Ингээд бидний хэрэгжүүлж байсан төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр Хуан Ёу Лун А.Эрдэнэбат миний нэр дээр 10 сая ам.долларын зээлийн гэрээ хийсэн. Энэ мөнгийг Д.Дагвадоржийн банк болох Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан оруулж ирсэн. Гэсэн ч Д.Дагвадоржийн хувийн данс руу шилжсэн. Ингээд захиран зарцуулалтыг Д.Дагвадорж хийсэн. Миний бие ганц ч ам.доллар аваагүй. Гэтэл хөрөнгө оруулагч болох Хуан Ёу Лун 10 сая ам.доллараа 15 сая ам.доллар болгон надаас нэхэмжилсэн. Энэ хэргийг би хуйвалдааны, залилангийн шинжтэй хэмээн үзэж Монголын хууль хяналтын байгууллагад хандан, энэ хэрэг одоо шалгагдаж байгаа” гэлээ.
Мөн тэрбээр энэ хэргийг Арбитрын шүүхээр шалгуулахаар өгсөн гэсэн юм.
Түүний мэдээлж буйгаар гэрээнд хоёр тал маргаан үүсгэвэл Монголын шүүхээр бус Хонконгийн Арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гэж заасан гэлээ. Ингээд Арбитрын шүүхэд ханджээ. Харин Арбитрын шүүхэд хандсаны дараагаас Д.Дагвадорж аварга өөрийгөө хохирогч мэтээр хэвлэлээр гарах болсон гэж мэдээллээ. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд дараагийн ээлжид Хонконгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ч хандана гэдгээ хэлсэн юм.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс Д.Дагвадорж аваргатай холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан юм. Харин твиттер хуудсандаа ингэж бичжээ.
Харин энэ асуудалд нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Би энэ асуудлыг мэдэхгүй. Сонгууль дөхсөн болохоор намайг ийм асуудалд холбогдуулж байгаа юм байлгүй. Надад хамаагүй” гэлээ.
Ямартай ч А.Эрдэнэбат “Энэ мэдээлэл бол хүний нэр төрд халдаагүй, баталгаа, нотолгоотой хэмээн баримт бичгийг үзүүлж байлаа. Гэвч тэрбээр хурлын дараа хэвлэлийнхний асуултад хариулахыг хүссэнгүй. “Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа учраас хамаагүй мэдээлэл хийж болохгүй” хэмээн элдэв тайлбар хэлэхээс зугтан, цагдаагийн хамгаалалтан дор хурлын танхимаас гарч явсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ