Н.Эрдэнэ: Сармагчинг онгоцоор тээвэрлэж болдоггүй

“Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ–аас санаачлан “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД - 2016” олон улсын циркчдийн 3 дахь удаагийн бүрэн хэмжээний тоглолт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Бид өмнө нь та бүхнийг жүжигчин амьтадтай таниулцуулсан бол энэ удаад тоглолтын хэсгийг фото зургаар үзүүлж байна. Тоглолтонд 15 орны, олон улсын циркчдийн тэмцээний алт, мөнгө, хүрэл цомын эзэд, чансаа өндөр нийт 60 гаруй жүжигчид оролцож байгаа билээ. Араатны хаан арслан, адал явдалт сармагчингууд, авьяаслаг өхөөрдөм лам гөрөөс, давжаа бяцхан одой морьд, дэггүй сэргэлэн сургуультай ноход, аварга том томсгон морьд монголын үзэгчдийг баясгаж, авьяас чадвараа гайхуулсаар байна. Манай улсын циркийн түүхэнд урьд өмнө нь эдгээр амьтад хүрэлцэн ирж тоглолтод оролцож байгаагүй гэдгээрээ маш их онцлогтой. Мөн тоглолтод оролцсон амьтадтай зургаа авахуулах ховорхон боломжийг олгож байгаа нь хамгийн олзуурхууштай нь юм.
Түүнчлэн олон улсын дөрвөн удаагийн тэмцээнээс 1 мөнгө 3 хүрэл цом хүртсэн ОХУ-ын алиалагч, гоцлол агаарын гимнастикийн төрөлд дэлхийд чансаагаараа нэгт бичигддэг Испанийн жүжигчний хэний ч сэтгэлд багтамгүй хүнд, эрсдэлтэй сэтгэл түгшээсэн үзүүлбэрүүд, циркийн хаан үзүүлбэр агаарын гимнастикийн хоёр төрлийг нэгтгэн үзүүлэх дэлхийд цор ганц гэж гайхагдсан Беларусь улсын циркчдийн үзүүлбэр, БНХАУ-ын циркийн жүжигчин эмэгтэйн сул утсан дээрх агаарт хөвөх мэт тэнцвэр гээд амь өрссөн аюултай үзүүлбэрүүд, алга ташилт дүүрэн гайхалтай тоглолт Монгол циркийн алтан манежнаа тоглогдож байна.
Тоглолт энэ сарын 03-ны өдөр өндөрлөх байсан ч зохион байгуулагчдын зүгээс дахин долоо хоногоор сунган энэ сарын 10-ны өдрийг дуустал үргэлжлэхээр болсон юм. Тиймээс тив тивээс ирсэн жүжигчдийн уулга алдам, уухайлан шагшмаар үзүүлбэрүүдийг энэ өдрүүдэд эх нутагтаа амжиж үзээрэй. Бид гадаад улс орнуудын дэлхийд гэх тодотголтой тоглолтыг хилийн дээс алхалгүйгээр тольдох алтан боломж эдгээр цөөхөн өдрүүдэд үлдэж байна гэдгийг дахин сануулж байна. Тоглолт ирэх ням гарагт хаалтаа хийнэ.
Дэлхийн цирк Монголд тоглолтыг санаачлагч, зохион байгуулагчаар “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ ажиллаж байгаа бөгөөд тус ТББ-ын тэргүүн Н. Эрдэнэ “Өнгөрсөн жилийн тоглолтод сармагчин ирэх ёстой байсан ч ирээгүй. Харамсалтай нь агаарын тээврийн компанийн дүрмийн дагуу сармагчинг онгоцоор тээвэрлэж болдоггүй юм байна. Тиймээс энэ удаад өмнөх жилийн амлалтаа биелүүлээд автомашинаар Казакстан улсаас авчирсан юм шүү. Мөн дэлхийд цор ганц гэгддэг агаарын гайхамшигт үзүүлбэрийг жилийн турш санал тавин байж авчирсан." гэдгийг онцолж байлаа.
Тоглолтын тасалбар эгнээ, суудлаасаа хамаараад 15-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 1900-1950 утсаар захиалах боломжтой. Ажлын өдөр 19:00 цагаас, амралтын өдөр 11:00, 15:00, 19:00 гэсэн цагийн сонголттойгоор тоглолт амжилттай үргэлжилж байна.
Лавлах утас: 9833-6060











Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ