ХҮН намын ЕНБД Д.Гантулга: Тэд зөвшилцөж эвлэхийг хүсэхгүй зугтаад байна

Хөдөлмөрийн Үндэсний Намын ЕНБД Доноровын Гантулгатай намын дотоод зөвшилцлийн талаар ярилцлаа.

Танай нам Б.Найдалаа, С.Ганбаатар гэсэн 2 даргатай болсон, харин Дээд шүүх дотоод асуудлаа шийдээд ир гээд хэнийг нь ч бүртгэхээс татгалзсан. Та бүхэн тэгээд дотроо зөвшилцөж чадав уу?

Битүүний өдрийн хуйвалдаан буюу дүрмийн бус аргаар асуудлыг шийдэх гэж оролдсон үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, шударга зарчмын төлөө бид тэмцсэн нь үнэн. Нам бол дарга, удирдах зөвлөлийг тойрсон 10 гаруй хүний байгууллага биш, олон нийтийн байгууллага. Сонгууль ч ойртлоо, намынхаа мянга мянган гишүүдийг, бидэнд найдлага тавин биднийг дэмжиж байгаа олон хүний итгэлийг бодоод бид асуудлыг шийдэхээрчармайн ажилласаар өнөөдрийг хүрлээ. 3 сарын 21-ны өдөр ажлын хэсэг гарч зөвшилцлийг эхлүүлсэн. Овоо нааштай, учраа олох нуу гэж харж байтал нөгөө тал мөрийн хөтөлбөр хэлэлцэх нэрээр намын Төв хорооны төлөөлөгчдийг 3 сарын 28-ны өдөр цуглуулаад С.Ганбаатар өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөөд орондоо Алтан Дорнод компанийн Т.Ганболдыг намын даргаар “сонгосон”. Дээд шүүх биднийг намын дотоод асуудлаа өөрсдөө шийдээд ир гэсэн болохоос Ганбаатарыг өөр хүнээр солиод ир гээгүй л дээ. Ганболд нь одоо Дээд шүүхэд нөлөөлөөд өмнөх шийдвэрийг нь өөрчилж чадна гэж бодоод байгаа юм уу, хайшаа юм, ойлгохгүй юм. Бид зөвшилцөл явж байхад нэг тал нь дарга цэргээ солих байтугай хэвлэлээр ч олон юм ярихгүй байя гэж тохирсон. Гэтэл Н.Одонгуа 3 сарын 28-нд хурал зарлачихаад зөвшилцлийн багт хэлэхгүй, асуухад хүртэл тийм хурал болохгүй гэж худал хэлсээр байгаад тэр хурлыг хийж, гишүүдийн хүсээгү шийдвэрийг хүчээр гаргаж байх жишээтэй. Ийм нөхцөлд эвлэлдэх, зөвшилцөх яриа үргэлжлэх үү?

Гэсэн хэдий ч яах аргагүй намын олон гишүүдийн эрх ашиг тул Ганболд нь “дарга” болсноос хойш бид дахиад л зөвшилцлийг эхлүүлсэн. Асуудлыг 3 үе шаттай хэлэлцэё гэж тохироод эхний уулзалтыг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт хийсэн, ярьж байсан зүйлсээ тохироод салсан. Өнөөдөр 4-р сарын 6-ны өдөр, 6 хоног өнгөрлөө, тэр уулзалтын баталгаажуулсан тэмдэглэлийг би одоо хүртэл аваагүй л байна. Дүгнээд хэлэхэд тэд зөвшилцөл нэрээр цаг хожоод, наанаа зөвшилцөж байгаа дүр эсгээд бодит байдал дээр тэд өөр зорилгоор гишүүдийг хуурах үлгэр зохион тарааж, зугтсаар байна.

Яагаад?

Ийм байдлаар нам дотоод зөрчилтэй явах тусам манай нам 2016 оны сонгуульд оролцох боломж багасах юм. Шулуухан хэлэхэд энд Хөдөлмөрийн Үндэсний Намыг 2016 оны сонгуульд оруулахгүй байх сонирхолтой, эсвэл ийм даалгавартай цөөн хэсэг бусдыг худал мэдээллээр ханган, намыг хагалан бутаргаж, зөвшилцөх аливаа боломж, тохироог яаж ийж байгаад тасалдуулжбайна гэж хардахаас өөр аргагүй. Өнгөрсөн бүхий л үйл явдал, үг, үйлдлүүд үүнийг нотолж байна.

Та бүгдийг намыг хувааж авахаар учир зүггүй дайраад байна гэсэн мэдээлэл сошиалаар цацагдаж байсан, энэ үнэн үү?

Н.Одонгуа, Т.Бат-Оргил нар ийм ташаа мэдээллийг санаатайгаар тарааж байна. Зөвшилцөлд хүргэх, эвлэлдэх сонирхолгүйгээ хаацайлж байгаа нь тэр. Шулуухан хэлэхэд энэ намыг шинэчлэн зохион байгуулсан, хамаг цаг зав, хөлс хөрөнгөө зарцуулсан, хөгжлийн концепци ярьж залуусыг сэргээж цуглуулсан хэсэг нь энэ талдаа ялгараад байна. Харин нөгөө талд байгаа зарим нөхдүүд хүний хийсэн ажил, бүтээсэн зүйлийг юу ч болоогүй юм шиг булаагаад авчихаж болно, өөрсдийн жижиг эрх ашгийн төлөө ашиглаж болно, гишүүдийг хуурч, ашиглаж болно гэж бодоод байгаа нь үнэхээр харамсалтай.

Бид хоорондын зөрчлөө хойш нь тавьмаар байна, сонгууль ойртлоо, бодит ажил хийх хэрэгтэй байна, гишүүд дэмжигчид ч шийдлийг хүлээж байна, байдал нэгэнт ийм болсных 2016 оны сонгуульд дүүрэг, аймгийн хороодын удирдлагыг талууд хариуцан удирдлагаар хангаж, хариуцлагыг ч үүрч оролцоцгооё гэсэн санал юм.Бид жишээ нь, Улаанбаатар хотод 3 дүүрэг, хөдөө орон нутагт 7 аймагт ХҮН намын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж сонгуульд оролцьё, санхүүжилтийг хариуцаж ажиллая, амаар, хэрүүлээр биш ажлаар өрсөлдөж, үр дүнг үзье гэсэн л хувилбар. Бодитоор ажил хийдэггүй, зөвхөн амаараа ярьж, бусдын бүтээсэн ажил дээр дарга дүрдээ орсон хүмүүс үүнийг ойлгохгүй юм, харин ч санаатайгаар гуйвуулж хэвлэлээр “намыг хувааж авах болон дарга болох биелшгүй санал тулгаж байгаа”гэх мэт мэдээлэл цацсан байсан. Бодит байдал дээр аймаг, дүүргүүдэд намын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл их байгаа. Энэ ажлаас л хуваалцая гэсэн. Аймаг, дүүргийн дарга нар бидэнтэй уулзаж, ойлголцож, дэмжиж эхэлсэн. Бид яаралтай ярилцаж эвлэлдэн, удирдлага, чиглэл, санхүүжилт хэрэгтэй байгаа намын үүр, аймгууд руу орж дэмжин ажиллах шаардлагатай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ