Хаврын синдром өнгө өнгөөр, нас насныханд илэрч байна
Гадаа дулаараад хавар цаг айсуй. Энэ үеэр нэгэн синдром хөдөлдөг уламжлалтай. Харин энэ жилийн синдром өнгө өнгөөр илэрч байна. Энэ бол жагсаал цуглаан зохион байгуулах. Сүүлийн өдрүүдэд өдөр алгасахгүй жагсагчид уриа лоозонгоо барьсаар тэмцлээ эхлүүлжээ. Нийслэлийн төв талбай болох Чингисийн талбай өдөр алгасахгүй жагсагчдын хөлд даруулж байгаа.
Зарим нэг жагсаал зохион байгуулагч болох улстөрч, тэмцэгчид хийх гэж байгаа жагсаал цуглааныхаа хуваарь товыг гаргачихсан, уралдаанд өөрийгөө сойгоод сурчихсан морь шиг лбиеэ бэлдээд догдлоод хүлээгээд байдаг бололтой.
Энэ жилийн хувьд гэхэд улам л нас насны ангилалтайгаар хүчээ авч байгаа юм. Наян настай ахмадаас наймхан сартай хүүхдүүд хүртэл жагссан. Тухайлбал, өнгөрөгч хавар өлгийтэй хүүхдүүдийн, эмээ өвөө нарын, эмч багш нарын, морьтой, бөө нарын, трактор тариа будаатай, машинтай жагсаал гээд тоочоод байвал их байлаа. Харин өнөө жилийн хувьд өлсгөлөн, тэр ч бүү хэл урьд хожид дуулдаж байгаагүй “Гуталтай жагсаал” өнөөдөр болох гэнэ. Сайн цагийг хүсч жагсаж байгаа гэх энэ жагсаалд энэ удаад залуус нэгдэж байгаараа онцлог гэх. Бас болоогүй. Хар, Цагаан жагсаалт гэгчийг танилцуулж, эрхэм түшээдийг зүрхийг булгилуулсан нэг жилийн турш цуглуулсан баримтаа дэлгэх аж. Олны хүлээлт үүсгэж буй тус жагсаалтын хараас хасагдаж, цагаанд нь орохоор улайрч буй хүмүүс ч мэр сэр дуулдан л ээ. Ямартай ч хэн байх нь хамаагүй ч ашиг сонирхлын зөрчилгүй л байгаасай хэмээн хүснэм. Гэхдээ өнгө өнгийн жагсаалын цаана юу нуугдаж байгаа бол.
Жагсаалд оролцож байгаа хүмүүсийн дийлэнх нь мөнгө өгч магадгүй гэж бодсон учраас ирсэн гэх нь бий.Энэ бүхнээс харахад уул ус, эх орон, эрх ашгаа хамгаална гэсэн гоё урианы цаана хэн нэгэн захиалагч эзэн байдаг гэдгийг тодотгож байгаа юм. Яг үнэндээ зохион байгуулагчдаас бусад нь сонирхогчид гэдэг нь нууц биш. Хэн нэгний ашиг сонирхол аль нэг газарт байгаа учраас хэдэн хүн цуглуулаад ч болов хэлэх гэсэн үгээ хэлдэг гэдгийг олон хүн хэлдэг.
Гэхдээ жагсаал цуглаан бүрийн ард зогсож гол зохион байгуулагч хийдэг хүн ямар албан тушаал эрх мэдэлд хүрдэг гэхэд хилсдэхгүй болов уу. Тухайлбал, саяхан л Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд гэр барин тэмцэж байсан МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайхан ердөө гуравхан сарын дараа “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-ын даргын албан тушаалд очсон. Гэхдээ яах вэ. Тэмцсэний үр дүнд Н.Алтанхуягийн Засгийн газар унасан. Тиймээс ч албан тушаалаар шагнуулсан байх гэчихвэл буруудахгүй биз.
Ингээд бодохоор өнгө өнгийн энэ жагсаал цуглааны үр дүн яаж гараад байгаа нь нэг л эргэлзээтэй. Ард түмний эрх ашгийн төлөө жагссан жагсаалын үр дүн зорилгодоо хүрэхгүй зохион байгуулагчдад үйлчлээд байх шиг.
Одоо удахгүй энэ хаврын синдромыгУИХ-ын гишүүн Г.Уянга тэмцэгч О.Магнай нар жагсахаар бэлтгэл ажилдаа орсон сурагтай. Тэд жагсаалдаа зориулаад дуу хүртэл зохиосноо олон нийтэд ил болгосон удаатай.
Ямартай ч энэ жилийн хаврын синдром урд өмнөх жилүүдэд болж байгаагүйгээр өрнөж байна. Нас насны, бас мэргэжил бүрийн, үздэг хардаг гээд янз бүрийн хүний жагсаал болсон. Жагсаал бүр бас онцлогтой. Хөх тэнгэрийн улаач нар бөөгийн зан үйл хийж ч тэмцсэн. Хаа хамаагүй бөөлж болохгүй гэдэг цадиг дүн өвлөөр нөлөөлдөггүй ч юм шиг.
Эцэст нь тэмдэглэхэд өнгө өнгийн энэ олон жагсаал тэмцлийн үр дүн ямар нэг улстөрийн эрх ашгийн төлөө бус ард иргэдийн төлөө байгаасай хэмээн олон хүн хүсч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ