Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдүүдийг дайчлан баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэсээс хар тамхи, мансууруулах бодисын төрөл "мөс"-ийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн бусдад хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг Т, Э нарын 14 хүнийг энэ сарын 5-6-ны өдөрүүдэд Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран дайчлан баривчилжээ. Ажиллагаанд ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн Эрэлч нохойн тасгийн алба хаагчид оролцсон байна.

Монгол Улсын иргэн Т, А нар 2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ж, Ч, Г нарт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай байж болзошгүй “мөс” гэх нэршилтэй бодисыг давтан үйлдлээр бусдад борлуулсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Дайчлан баривчлах ажиллагааны талаар:

БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт зочид буудал дотор иргэн Ж, М нар нь 0,5 гр хэмжээтэй "мөс" гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэж байх үед нь баривчилсан. Мөн БГД-ийн 4 хорооны нутаг дэвсгэрт “NISSAN” маркийн суудлын автомашинд дотор иргэн О, Б, М нар "мөс" гэх нэршилтэй мансууруулах бодис авч явсныг илрүүлэн дайчлан баривчилсан.

Түүнчлэн тус дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт суудлын автомашинд иргэн Ч, Г, И, нар 0,4 гр хэмжээтэй "мөс" гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэж байх үед нь үйлдэл дээр нь баривчилсан. СХД-ийн 31-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э-ийн гэрээс их хэмжээний "мөс" гэх нэршилтэй мансууруулах бодис илрүүлэн хураан авсан.

Дээрхи саатуулагдсан 14 этгээдээс хар тамхи, мансууруулах бодис хэрглэсэн эсэхийг тест тавин шалгахад иргэн Э-гээс бусад нь хэрглэсэн нь тогтоогджээ. Шалгалтын ажиллагааны хүрээнд дээрхи этгээдүүдээс орон байр, тээврийн хэрэгсэл, биед хийсэн үзлэгээр нийт 13,7 гр "мөс" гэх нэршилтэй мансууруулах бодис хураан авсан аж. Тухайн этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулан шалгалтын ажиллагааг хийж байгаа бөгөөд тэдэнд Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ