Б.Баярсайхан: Таван хувийн зээл арилжааны банкаар хэрхэн дамжихыг таашгүй

Барилгын салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Гэвч түүхт ойн жилдээ энэ салбар хэт улстөржсөн, зах зээлийн бус жамаар “хөгжиж” байгаа гэсэн шүүмжлэлд өртөж байгаа. Салбарын зарим асуудлаар Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхантай ярилцлаа.

-Өнөөдөр нийт хэчнээн барилгын компани үйл ажиллагаа явуулж байна вэ. Эдийн засгийн нөхцөл байдлын улмаас хэд нь үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа вэ?

-Барилга угсралтын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэй 2000 орчим компани бий. Үүнээс 400 орчим нь идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Орон сууцны үнийн хөөс хагарсантай холбоотойгоор байдал нэлээд хүндхэн болсон шүү дээ.

БХБЯ, Барилгын хөгжлийн газраас орон сууцны зориулалттай барилгыг эрүүл мэнд нийтийн зориулалттай барилгаас тусад нь ялгаж, орон сууцны үнэ тогтох аргачлалыг тодорхой болго гэсэн хүсэлтүүдийг байнга тавьдаг.

Гэхдээ барилгын салбар маань яг ч зогсонги байдалд ороогүй. Сүүлийн үед хэрэглэгч, арилжааны банк, барилгын компаниуд тус бүр 10 хувиар тохирч байраа өгөх, материалын үйлдвэртэй бартерийн журмаар орон сууцаа өгөх гэх мэт боломжоороо байраа борлуулж байгаа.

-Одоогийн байдлаар баригдсан, гэхдээ борлуулагдаагүй хэчнээн орон сууц байна вэ?

-Он гарснаас хойш 8000 гаруй орон сууцыг 5 ба 8 хувийн зээлээр худалдан авъя гэсэн хүсэлт ирсэн. Энэ тоо нийлүүлтдээ хүрэхгүй байгаа. Энэ жилийн хувьд 25 мянга орчим орон сууц борлуулагдаагүй гэсэн тойм судалгаа бий. Борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд “цус сэлбэлт”-ийг зайлшгүй хийх хэрэгтэй. Үүнд түрээсийн орон сууцны бодлого, амины орон сууцны асуудал гэх мэт шат дараалсан бодлого барих нь зүйтэй.

-Ипотекийн 5 хувийн зээлийн талаар мэдээлэл өгөөч. Иргэдийн хэрэгцээг хангах зээл мөн үү?

-Ипотекийн 5 хувийн зээлийн журам энэ гуравдугаар сарын 4-ний өдөр батлагдсан. Зээлийн журамтай холбоотой асуудал нэлээд гарч байна. Энэхүү зээл маань орон сууц, амины орон сууц гэсэн хоёр төрлөөр буурч байгаа. Үүнд байршлуудыг зааж өгсөн. Улаанбаатар хотын хэмжээнд Багахангай, Багануур, Налайх гэсэн алслагдсан 3 дүүргийн 24 байршилд шинээр хот төвлөвлөгдөж шинэ суурьшлын бүс байгуулахаар болсон.

БХБЯ-наас эдгээр байршлыг тодорхой зааж өгөх хүсэлтийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих гэж байна. Ингэснээр аль байршилд 5 хувьд хамрагдах боломжтой вэ гэдэг нь тодорхой болох юм.

Одоогийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд 5 хувийн зээлэнд хамрагдах бүрэн боломжтой.

-Одоогийн байдлаар 5 хувийн зээлд хэдэн иргэн хамрагдаад байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 1700 орчим иргэн тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан гэх мэдээ бий. БХБЯ, Барилгын хөгжлийн газрын зүгээс иргэдээ аль болох бага хүүтэй, чанартай барилгаар хангахаар ажиллаж байна.

-Хотын төвийн орон сууцнуудыг яагаад 5 хувийн зээлд хамруулж болохгүй байгаа юм бэ?

-Төрийн бодлого хотын төвлөрлийг сааруулах, хотоо гадагш нь тэлэх, гэр хорооллыг цөөрүүлэх зорилготой. Тийм учраас 5 хувийн зээлийг хотын захын гэр хорооллын дахин төлөвлөлт, алслагдсан дүүргүүдэд өгч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Суурин газрыг дэд бүтэцтэй болон дэд бүтэцгүй гэж хоёр ангилдаг. Харин манай нийслэлийн хувьд тав ангилж байгаа. Жишээлбэл, Найрамдлын Баянголын амыг дэд бүтэцтэй болговол хоёрдугаар бүсэд оруулах боломжтой шүү дээ.

Төр засгийн зүгээс бага дунд орлоготой залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад наснуудыг орон сууцтай болгох асуудлыг бодлогоор зохицуулж, бага хүүтэй зээл, түрээсийн орон сууцанд эхний ээлжинд оруулж байгаа.

Улс орны эдийн засаг сэргээд, гэр хорооллын өрхүүд цөөрч, нийслэл маань тэлсэн тохиолдолд хотын төвийн орон сууцнуудыг 5 хувь руу шилжүүлэх боломжтой болно.

-Түрээсийн орон сууцыг худалдан авах боломжтой юу?

-БХБЯ-ныхан энэ журам дээр ажиллаж байна. Түрээсэлсэн байраа таван жилийн дараа худалдаж авах боломж бүхий орон сууцны хөтөлбөр боловсруулж байна. Түрээсийн орон сууц иргэдэд маш хэрэгцээтэй байгаа. Тийм учраас ТОСК болон төрийн хэвшлийн барилгын салбарынхан маань гаднаас хөрөнгө босгох, үнэт цаасжуулах, орон сууцаа иргэддээ түрээслүүлэх гэсэн ажлыг тасралтгүй хийнэ.

Мөн 30 хувийн урьдчилгаа төлбөрөө 5 жилийн хугацаанд бүрдүүлээд, дараа нь худалдан авах боломжийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Танай төвөөс иргэдийн орон сууц худалдан авалтыг дэмжих асуудалд ямар арга замыг баримталж ажиллаж байна вэ?

-Асуудлыг бодлогын яам тодорхойлдог. Хэрэгжүүлэхээр арилжааны банкнууд дээр очдог шүү дээ. Арилжааны банкнууд эрсдлийн асуудлаа голлож байна. Банкны эрсдлийн асуудлыг бууруулах тал дээр бодлого тодорхойлогч салбарын яам тодорхой зүйл хэлэхэд хэцүү.

Төрийн байгууллагын зүгээс аль болох 5 хувийн зээлийн боломжийг нээж өгье. Харин арилжааны банкаар хэрхэн дамжиж явахыг таашгүй. Нэлээд хүндрэлтэй.
Өмнөх Засгийн газрын үед орон сууцны урьдчилгааг 10 хувь болгон бууруулна гэсэн буруу ташаа мэдээлэл өгснөөс болж, орон сууцны борлуулалт бууж, эргэлт зогссон. Харин өнөөдөр 30 хувийн урьдчилгаа төлөөд, 5 хувийн хүүтэй зээлээр иргэдэд байр өгөх нь эдийн засгийн хувьд боломжийн гэж үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ