“Офшорчид”-ын мэдээлэл зөрүүтэй байна

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо ээлжит дуулианыг ил болгоод буй. Өөрөөр хэлбэл, нэлээд хэдэн улс орны удирдагч зэрэг нөлөө бүхий хүмүүс Офшор бүсэд нууц компани, данс эзэмшдэг болохыг дэлхий дахинаа дэлгэсэн үйл явдал энэ долоо хоногт өрнөж дуулиан тариад байна.
Тэгвэл манайд ч ийм явдал удахгүй өрнөх болно. Тодруулбал, өчигдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багаас олон нийтэд дэлгээд буй офшор бүсэд данстай монголчуудыг албаны эх сурвалжаас нь тодруулан, баталгаажуулаад зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Түүний энэ үйлдлийг манай “офшор”-чид дуугүй хараад сууна гэдэг эргэлзээтэй. Хэрэв эр хүн хэлсэндээ гэдэгчлэн хэлснээ хэрэгжүүлж чадвал Ж.Батзандан гишүүн ард түмнээсээ ямар очков авах нь тодорхой. Харин энэ асуудал бүү замхраасай гэсэн хүлээлт олон нийтийн дунд аяндаа бий болж эхлээд байна. Ингэж замхрах нэг шалтгаан бас байж болно. Энэ бол мэдээж өнөөх айхтар их нууцтай эрхмүүдийн ямар нэгэн эсрэг санаа. Тэрээр олон улсын хэмжээний болон бусад албан эх сурвалжийг үндэслэх нь олны итгэл үнэмшлийг илүүтэй төрүүлж байгаа бөгөөд энэхүү үйл хэрэг заримынх нь эгдүүцлийг хүргэж байгааг үйсгэхгүй.
Одоогоор Өргөдлийн байнгын хорооноос офшортой холбоотой ил болсон мэдээллийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагууд руу албан бичгээ явуулжээ. Тэдэнд ирсэн мэдээллүүд өмнө нь мэдэж байснаас нь зөрүүтэй байгаа тул нягтлан шалгах ажил хийж байгаа бөгөөд энэ бүгдийн эцэст офшор данс эзэмшигч улс төрчдийн нэрс тодрох юм.
Уг нь офшор компани гэдэг бол эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж бизнес эрхлэхийг хэлдэг. Офшор бизнес бол хууль бус үйлдэл биш бөгөөд аль ч улсад хэн ч байгуулж болдог аж.Тухайн хүн өөрийн нэр дээр компаниа байгуулан данс эзэмшдэг бол хууль ёсны үйлдэл юм. Гэтэл татваргүй бүсэд амьдрагч хэн нэгнээр өөрийгөө төлөөлүүлэн түүнтэй эрх мэдлээ шилжүүлэх, шийдвэр гаргах асар нууц гэрээ байгуулан компани эзэмших замаар хууль бус орлогоо нуух зорилготой бол үүнийг бүх нийтэд илчлэх нь зүй ёсны хэрэг. Ялангуяа улс орны эдийн засаг элгээрээ мөлхөж байна гэж ярьж байгаа үед татвар төлөгчдийн буюу ард түмний мөнгийг хэн хааш нь гаргаж байгааг илчлэх хамгийн том баримт болно. Тиймээс иргэд, сонгогчдын итгэлийг алдагч этгээдүүдийг зарлан тунхаглах эрхэм гишүүний их үйлсэд горьдлого тасрахгүй нь байна.
С.Батсүх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ