Жүүгээ ахын "хүүхдийн ном"-ууд худалдаанд гарлаа

Нэгэн цагт “Ном бол ертөнцийг харах цонх” хэмээгээд хүүхэд бүр номын сайн анд байлаа. Харин зах зээлийн шуурганаар хүүхдийн гэх бүхэн хийсч, үгүйрэхэд хүрсэн гэдэг нь үнэн. Гэсэн ч сүүлийн үед эргэн сэргэж хүүхдийн ном хэвлэлийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Энэ гэгээн үйлсийг сэргээж байгаа эрхмүүдээс зохиолч Б.Нацагдорж, Р.Энхтуяа зэрэг төлөөллүүдийг дурдаж болно.

Мөн тэдний нэг бол зохиолч, сэтгүүлч Д.Жүгдэрбарам буюу та бидний танил нэрээр бол Жүүгээ ах маань юм. Тэрээр 1990 оноос шүлэг, зохиол туурвиж эхэлсэн байна. Тухайлбал, дууны шүлгийн “Хобби”, яруу найргийн “Шүүдрийн усаар шүлэг хэлхнэм би”, өгүүллэг, туужийн “Уул усны эзэн”, өгүүлэг, жүжгийн “Дурлалхүсэх тарни”, “Хад нэвт ургасан цэцэгс” бэсрэг роман болон судалгаа шинжилгээний, сурах бичгийн 10 гаруй ном, эмхэтгэл туурвижээ.

Хүн бүр хүүхэд насыг тойрч бус дайрч гардаг ч цаг үеэ дагаад хүүхдийн сэтгэхүйн онцлог нь өөрчлөгдөж байдаг. Тиймээс хүүхдийн бүтээл туурвина гэдэг зохиолч, уран бүтээлчээс асар их ур чадвар, мэдрэмж шаарддаг байна. Энэ тухай дурдахын учир нь зохиолч Д.Жүгдэрбарам хамгийн сүүлд хүүхдүүдэд зориулсан хоёр номоо худалдаанд гаргажээ. Тэрээр олон төрлийн судалгаа хийж, сэтгүүл зүйн маш олон бүтээл туурвиж яваа хүний хувьд хүүхдийн тухай өөрийн гэсэн ертөнцийг бүтээж, тэр л ертөнцдөө багачуудтайгаа нөхөрлөх болсон байна.

Түүний “Найман настны дуу“ хэмээх энэхүү ном нь 9 шүлэг, 6 дуунаас бүтжээ. Дуу тус бүр нь ноттой учир дуу хөгжмийн хичээл болон дугуйланд ашиглах боломжтойгоороо давуу юм. Харин шүлгийн тухайд хүүхдийн сэтгэн бодох, дүрслэн төсөөлөх зэргээр оюуны уран сэтгэмжийг хөгжүүлдэг онцлогтой. Урлаг гэдэг хүний амьдралыг хөглөдөг шидтэй тул хүүхдийг багаас нь уран сайхан, уянга дуунд дурлуулах нь хүмүүжилд чухал ач холбогдолтой билээ.

Дараагийн танилцуулах ном бол “Индиго аура ба сэтгэхүйн солонгорол” хэмээх онц сонирхолтой бүтээл юм. Уг номонд сургамжит болон адал явдалт хүүхдийн туужууд багтжээ. Орчин үеийн хүүхдүүд индиго төрөх боллоо гэж хэн хүнгүй хэлэлцэх болсон. Тэгвэл индиго ауратай хүүхэд гэж хэнийг хэлж буйг маш энгийнээр ойлгуулах болно. Дунд сургуулийн ахлах ангийнханд зориулсан сургаал, амьдралын зөв төлөвшлийг өгүүлэх энэ бүтээл томчуудад ч мөн сонирхолтой байх болно гэдэгт итгэж байна.

Удахгүй хүүхдийн баяр ч ойртлоо. “Найман настны дуу“,“Индиго аура ба сэтгэхүйн солонгорол” номыг сонгож ирээдүй хойч үеийнхээ оюунд хөрөнгө оруулаарай. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч МУСТА Дагвын Жүгдэрбарамын шинэхэн бүтээлүүдийг номын бүх дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ