МИАТ-ийн удирдлагуудыг шүүх хурал эхэллээ

“Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хурлын танхимд эхэллээ. Улсын яллагчийн зүгээс хуралд 14 хүнийг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаад байгаа юм.
Мөрдөн байцаалтын явцад тэднийг нисэхийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг гэх Япон, Хонгконг дахь зохиомол хоёр ч компанийн дансаар тухайн үеийн ханшаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн болохыг тогтоосон. Мөн дээрх мөнгөнөөс өөрсдийнх нь хувийн данс болон компанийх нь дансаар нийтдээ 4.3 тэрбум төгрөг нь эргэж орж ирсэн болохыг тогтоосон билээ. Тиймээс тэдний 16.5 тэрбум төгрөгийн хадгаламжийн данс, 27 компанид оруулсан хувь, бусад машин хэрэгслийг битүүмжилсэн юм.
Мөн тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан гэх үндэслэлээр буруутган яллахаар төлөвлөөд байгаа юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ