Аварга С.Мөнхбат Увсын галыг ахалж, алдарт Х.Баянаа захыг нь мушгина

-Гавьяат тамирчин, Далай аварга А.Сүхбат “Олимп” сургуулийн бөхчүүдээ авч, гал болох нь мэдээж-
Наадмын бөхийн гал нутаг, нугаараа талцан гарахад бэлэн болжээ. Талцана гэдэг нь үндэсний хийгээд жалга, довны үзэл гаргана гэсэн үг биш шүү. Нутгийн зөвлөлүүд зардлыг нь дааж, бөхчүүдээ хамтарсан бэлтгэлд гаргадгаас голдуу тэгж таардаг юм билээ. Бөхчүүд галдаа энэ долоон хоногт багтаж гарах юм. Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат ахалсан Төв аймгийн бөхчүүд сурсан, дассанаараа “Сонгино”-ын амралтаа бараадах нь гарцаагүй. Эл галынхан энэ жил үзүүр, түрүү байтугай шөвгийн дөрвийг ч бодохгүй л болов уу. Учир нь тэдэнд тийм шанс байхгүй. Харин начин зэрэг нь бол өөр хэрэг. Их аварга идэр насаа дурсан байж, “ихэр”-ийн зэрэг начин төрүүлээд авах биз.
Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх зөвлөхтэй Увсын гал хамгийн хүчтэй нь гэхэд хилсдэхгүй. Залуу аварга С.Мөнхбат, арслан Н.Бүрэнтөгс нар түрүү, үзүүр л гэж ярих вий. Тэдний араас түрээд гараад ирэх залуусыг үгүйсгэх аргагүй. Увсаас хэн ч үзүүр, түрүүнд үлдчихийг байг гэхгүй.
Хонь хариулж яваад, замын унаагаар хүрч ирээд улсын цол авчихаж мэдэх л нөхөд байгаа юм, цаадуул чинь. Бидний авсан мэдээгээр тэдний галыг залуу аварга С.Мөнхбат ахлах сурагтай. Харин алдарт Х.Баянаа “зохицуулах” юм гэсэн. Тэндээ хүрвэл ч мань хүн түрүү, үзүүрийн хоёрыг л “зохицуулж” таарна. Наадмын түрүүг дараалан аваад буй тэд амжилтаа бататгахын төлөө явах нь ойлгомжтой. За тэгээд гарьд, харцага, заан, начин гээд бүхий л цолын төлөө үзэх ганц гал гэхэд ч хэтрүүлсэн болохгүй.
Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Д.Цэрэнтогтохын ахалсан Өвархангайнхан “Хужирт”-даа очих биз. Үзүүр, түрүүний яриа байхгүй. Бусад цолын хувьд болохгүй гэх юмгүй. Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сонгуультай тул гал, хөс гэхгүй нь тодорхой.
Гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, Гавьяат тамирчин Ц.Дамдин нар аймгийнхаа бөхчүүдийг аваад Налайхын хавьцаа гардаг билээ. Тэд цол, мол гэж сүйд болохгүй биз. Өөрөө ороод ирвэл ч хүртэж орхилгүй яахав. Налайхын наадамд зодоглон, Гачуурт дахь увсынхантай гар зөрөн бэлтгэлээ базаагаад авдаг уламжлалтай аймаг. Гавьяат тамирчин, Далай аварга А.Сүхбатын ахалсан гал Богд Дүнжингаравынхаа өмнө Бугын аж ахуйн орчимд очдог заншилтай.
Эдний тухай эхэнд өгүүлсэн. Гавьяат тамирчин, Далай аварга Г.Өсөхбаярын ахалсан Архангайн хүчтэнүүд хотоос нэг их холддоггүй. “Алдар”-ын тамирчидтай амь нэгдэж ч мэднэ. Арслан Д.Мөнх-Эрдэнэ ерөнхийдөө зөвлөхийн үүрэг гүйцэтгэнэ.
Аварга ёсыг бодож өөрөө зодоглох биз. Дөрөв давчихаад “яваад” өгөх байх даа. Тэр азтан мэдээж Архангайнх байх юм. Ямарч байсан тэд баараггүй начинтай. Улсын заан Ч.Санжаадамбаасаа ихийг хүлээдэг ч наадмаар нэг л явдаггүй, од муутай гэдэг. Аварга О.Балжинням “Хүч”-ийн хэдээ ахлаад явчихна. “Сүүж” амралтаа л зүглэх болов уу.
Увсынхныгаа гэхээс илүү, тэдэнтэй үе үе сорилго хийхийг чухалчилна. Увсын галд одоохондоо мань хүний хэрэг бараг байхгүй. Наадмын хоёр дахь өдөр гурав юм уу, тавын даваанд харин хэрэгтэй хүн болчихно. “Хүч”-ийн бөхчүүд хүчтэй.
Шөвгийн дөрвөөс бусдыг дотроо бодож л яваа байх .Арслан Х.Мөнхбаатар тэргүүтэй Хөвсгөл, Д..Эрхэмбаяраар удирдуулсан Сэлэнгийнхэн ч муугүй. Ялангуяа арслан Д.Эрхэмбаяр түрүү, үзүүрийн нэгийг харж л яваа. Өнгөрсөн бүх барилдаанд чансаагаа харуулчихсан бөх. Увсын “хоёр”-той гар зөрүүлэх хүн одоохондоо бараг тэр ганцаараа байна. “Тэр өдрийн тэнгэр мэднэ” гэсэн нэг сайхан үг бас бий.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ