“Торгоны замын аялал жуулчлал”-аас уулзалт зохион байгуулж байна

Монгол Улсын Үндэсний номын сан нь Монгол үндэстний төдийгүй хүн төрөлхтний түүх, соёлын тодорхой орон зай, цаг үеийг төлөөлж чадах шинжлэх ухааны асар их ач холбогдол бүхий хосгүй үнэт, үнэт ховор, цорын ганц хувь, дахин давтагдашгүй ховор ном судар, баримтат өвийг хадгалан хамгаалдаг түгээн сурталчилдаг билээ.

Нүүдэлчин монголчууд эрт дээр үеэс ном, бичиг соёлын асар баялаг өв, дурсгалыг бүтээж ирснийг илэрхийлэх тус номын сангийн “Үнэт ховор ном, судрын музей”-д гадаад, дотоодын жуулчид, олон нийтийг зочлуулж, нүүдлийн соёлыг сурталчлан таниулах,аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоо, төрлийг нэмэгдүүлэх зорилгыг тус тус агуулан “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжээс тур оператор байгууллагуудтай хамтран ажиллах санаачлагыг гарган өнөөдөр уулзалт, семинарыг анх удаа зохион байгуулж байна.

Энэ үеэр “МУ-ын үнэт ховор номын музей”-тэй танилцах юм байна. Уг музейд ЮНЕСКО-гийн “Дэлхийн баримтат өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн “Лу. Алтан товч”, “Монгол шунхан Данжуур”, “Есөн эрдэнийн Ганжуур” зэрэг хүн төрөлхтөний оюуны хосгүй бүтээл хадгалагдаж буйгаас гадна, болгомол хар цаас, даавуу, үйс, модны навчин дээр урласан, есөн эрдэнээр бүтээсэн дэлхийд ховор номууд байгаа юм. Тухайлбал, дэлхийн хамгийн бяцхан ном буюу 5см х 4,5см хэмжээтэй, энгийн нүдээр уншигдахгүй ном ч байдаг. Тэрхүү номыг монголын их эрдэмтэн С.Шагж өрхөө бүтээн гэрээ харанхуйлаад, өрхөндөө зүүний сүвэгчийн чинээ өчүүхэн цоорхой гарган хурц нартай өдрүүдэд ганц ширхэг хялгасаар бичсэн гэдэг түүхийг энэхүү музей хүүрнэн өгүүлэх болно. Энэ мэтчилэн нүүдэлчин монголчуудын эртний ном, бичгийн дурсгалын дэлхийд ховор бүтээлүүдийг үзэж сонирхон, түүхийг сонсох боломжийг тэд бүрдүүлж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ