920 албан тушаалтан хөрөнгө, орлогодоо их хэмжээний өөрчлөлт орсныг мэдүүлжээ

Улсын хэмжээнд 39848 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 2 хүн хугацаа хожимдуулсан, 3 нь мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, хүний нөөцийн газрын дарга А.Ундрах нарт холбогдох хуулийн дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Харин мэдүүлгээ гаргаж өгөөгүй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсангийн сарын урамшууллыг 20 хувиар 3 сарын хугацаагаар бууруулж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Гэрэлт-Одод анхааруулга өгч, Ч.Дэчингалсан, Л.Гэрэлт-Од нараар 2015 оны мэдүүлгийг нь нөхөн гаргуулсан байна. Дээрх нэр бүхий 5 хүнд сахилгын шийтгэлийг тухайн төрийн байгууллагын удирдлагын шийдвэрээр ногдуулсныг хэлэх нь зүйтэй. Хөрөнгө, орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон талаар 920 албан тушаалтан мэдүүлсэн бол ашиг сонирхлын зөрчилгүйг илэрхийлсэн мэдэгдэл гаргасан 26189 албан тушаалтан байна. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар гаргасан 786, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргасан 5589, давхар ажил эрхлэлтийн талаар танилцуулсан 140, ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдээлсэн 15 албан тушаалтан бүртгэгджээ.

Авлигатай тэмцэх газар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Хөдөлмөрийн яам, Газрын тосны газар, Дундговь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, харьяа агентлагууд, Иргэний нисэхийн ерөнхий газарт бүрдүүлэлтийн хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалтын мөрөөр “Улаанбаатар төмөр зам”-ын даргын тушаалаар 4, Хөдөлмөрийн сайдын тушаалаар 1, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар 3 албан тушаалтанд тус тус “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан бол мөн Хөдөлмөрийн яамны 2 албан тушаалтныг ажлаас чөлөөлж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар шийдвэрлэсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ