Албан тушаал шантаажлагсад улс төрийн лифтэнд сууж чадах уу

Улс төрийн лифтенд суухыг мөрөөдөгсөд гэх зураг олон нийтийн сүлжээгээр явж харагдсан. Хоёр том намын залуучууд бас гэнэт улс төр ярьсан хэдэн хүн тэр зурагт байна лээ. Хошин боловч тэр зургийн өгүүлэмж үнэн. Сүүлийн үед улс төрийн нам дагавал, дагасан нам нь сонгуульд ялбал өндөр албан тушаалд очино гэж мөрөөдөгсөд ихэссэн. Улс төрийн туршлага, боловсролгүй тэдгээр залуус даргын цүнх барих, эсвэл шантааж хийж лифтэнд орж, өндөр албан тушаалд очино гэж мөрөөддөг болсон. Тийм хүмүүсийн талаар АН-ын генсек хатуу үг чулууджээ.

АН-ын генсек “Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгөхдөө “Оймс шиддэг Л.Наранбаатар яагаад ингээд яваад байна гээд та нар судлаад үзээрэй. Яасан гэхээр тэр хүн намын даргатай “Эрдэнэс Тавантолгой”-н захирал болъё гээд уулзсан. Үгүй гэсэн. Оюутолгойн ТУЗ-д оръё гээд дахиад ирсэн. Бас л зөвшөөрөөгүй. Тэгээд л жагссан, эсрэг явсан. Тийм шантаажчингуудтай бид харилцахгүй. Манай нам албан тушаалын шантаачдад, тийм увайгүй хүмүүст царай өгөхгүй” гэжээ. “Оймс” Л.Наранбаатарын тухай үүнээс ч илүү яриа улс төрийн хүрээнийхэнд байдаг. Тэрбээр МАН-ыг эрх барих үед МАН-ын гишүүн төдийгүй НАМЗХ-ны тэргүүлэгч гишүүн байсан. МАН-д байхдаа мөн шантааж хийж Багануурын уурхайн ТЭЗҮ-ийг 600 сая төгрөгөөр хийж байжээ. Мөн МАК-д ажиллаж, “Энержи ресурс”-ын ТЭЗҮ-ийг боловсруулсан гээд чамгүй АН-ыг ялсаны дараа тэрбээр МАН-аас гарч эрх баригч намд элссэн.

Ер нь Уул уурхайн сайд аль намынх байна тэнд элсч явдаг байж. АН-д элссэн шалтгаанаа Багануурын уурхайгаас үлдэгдэл мөнгөө авахаар АН-д орсон гэж тайлбарлаж байсан гэдэг. Ингээд АН-ын удирдлагуудаас албан тушаал нэхэж эхэлсэн. Татварын байгууллагын хоёр бүсгүй нэгийгээ хөнөөсөн хэрэг гарч Кадастрын албаны дарга ажлаа өгөхөд оронд нь очъё гэж хүсэлт гаргаж байжээ. Дараа нь Ашигт малтмалын газрын дарга болно гэх зэргээр цөөнгүй албан тушаал горилсон ч авч чадаагүй. Ингээд Дарханы АН-д үймээн дэгдээж, тэмцэл өрнүүлж эхэлсэн талаар улстөрийн хүрээнийхэн ярьдаг. Дарханы АН-ыг бужигнуулах үеэрээ “Намайг Тавантолгойн ТУЗ-ын дарга болговол тэмцлээ зогсооно” гэж шантааж хийж байсныг нь АН-ын генсек ярьжээ.

Лифтенд сууж, өндөр албан тушаалд очиж чадаагүй учраас АН-ыг бужигнуулж яваа нь энэ аж. Л.Наранбаатараас гадна Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат лифтэнд суухын төлөө шантааж хийж яваа нэгэн. Тэрбээр АН-ыг эрх баригч болсны дараа Мэдээлэл харилцаа, холбоо, технологийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэх мэт албан тушаал нэхэж шантааж хийж байжээ. Улс төр, төрийн алба хүнээс өндөр боловсрол, арвин туршлага шаарддаг онцлогтой. Гэтэл шантааж хийгээд улс төрийн лифтээр өндөрт гарчихна гэж мөрөөдөгсөд олон байгаа нь эмгэнэл. Ийм мөрөөдөгсөддөө нам нь хариуцлага тооцож байж төрийн дархлаа тогтмоорсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ