Эмч нарын өрөө эзгүйрч, өргөст тор чивчрэх үү ..?

Шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хууль эмнэлгийн мэргэжилтнүүдэд халтайгаар барахгүй монголын шоронг дүүргэхээр болсон хэмээн үзэж тус салбарынхан өчигдөр эсэргүүцлээ илэрхийлэн мэдээлэл хийсэн.
Тодруулбал, тус хуулийн 11.1-д энгийн иргэн хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулбал тодорхой хугацаагаар жолоодох эрхийг нь хасч 1 сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлэхээр заасан байна. Харин эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд болгоомжгүйгээр хүний биед хүнд хохирол учруулбал 1-3 жил эмчлэх эрхийг заавал хасч, 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилээр хорих ял оногдуулахаар тусгажээ. Адил үйлдэлд ялгаатай хариуцлага хүлээх болж байгаад асуудлын гол нь оршиж байгаа юм. Үүрэгт ажлын тухайд дуугарах хүн гарах байх. Гэвч жолооч хүн бас цаг тутамд хүний амь насыг хариуцаж явдаг гэдгийг санах хэрэгтэй.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1-д таван жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдсон бол зүйлчлэгдсэн ял нь тэнсэн харгалзах ял болдог. Гэтэл эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд тэнсэн гэсэн ойлголт огт байхгүй нь үнэхээр хатуудсан харгис заалт болсныг харуулав. Тэгэхээр монголын шоронгууд эмчээр дүүрэх болж байна.
Ер нь монголын эрүүл мэндийн салбарт алдаа эндэгдэл олноор гардаг нь нууц биш. Энэ салбар улс төржилтөөс үүдэлтэй эзэнгүйдсэн салбар болсон нь тодорхой. Хариуцлагыг ийн чангатгах нь туйлын зөв. Гэхдээ арай л чангаджээ. Шударга ёсны зарчим алдагдсан дээрх заалтуудыг харгалзан үзэж, 2-8 жилийн хугацааг бууруулах шаардлагыг “Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсан эмнэлгийн мэргэжилтнүүдийн түр хороо”-ноос ЭМСЯ, Хууль зүйн яам, намын бүлгүүд, Засгийн газар, УИХ, Байнгын хороодод өчигдөр хүргүүлжээ. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн 10 мянган гарын үсэг бүхий уг шаардлагын хариуг баасан гарагт авах бөгөөд шаардлагыг хүлээж авахгүй бол эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдээд байгаа. Чухам ямар алхамууд хийх талаар Түр хорооныхон өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэх аж. Тэд хариуцлага хүлээхгүй гээгүй. Гагцхүү шударга ёсны зарчимд нийцсэн хуулийн заалтыг бий болгохыг л хүсч байгаа гэдгээ онцолсон.
Ер нь эмч нарын хариуцлагагүй үйлдэлд ял оноож байсан эсэх талаарх албан ёсны тоо баримт манайд байдаггүй юм байна. Харин Эрүүл мэндийн эрх зүйн төв ТББ-ийн судалгаагаар эмнэлгийн ажилчдын 1/3 нь эрүүгийн хуулиар шийтгүүлдэг, 1/3 нь торгуулдаг, мөн 1/3 нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээр хасагддаг гэсэн тойм төдий мэдээлэл байдаг байна. Тус байгууллагаас анх эрүүгийн хуулийн шинэчлэлийн талаар салбарынханд мэдэгджээ.
Үүнтэй холбоотойгоор эмчээ хийхээ больдог юм билүү гэх яриа цөөнгүй гарах болж. Энэ айдаст бодол биелэлээ олохын цагт эмч нарын өрөө эзгүйрч, эх оронд юу нүүрлэх нь ойлгомжтой. Ялангуяа бөөр шилжүүлэн суулгах, элэг шилжүүлэн суулгах зэрэг маш өндөр эрсдэлтэй хагалгаа хийдэг эмч нар болон мэс заслын багийнхан ийм хагалгааг хийж өөрсдийгөө эрсдэлд оруулах уу гэх болгоомжлолууд бий болж мэдэхээр байна. Мөн иргэдийн зүгээс эмч нарыг элдэв янзаар шантаажлах байдал газар авч, улмаар өргөст торыг чиглэх эмнэлгийн ажилчдын цуваа үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй.
III шатлалын эмч нар л гэхэд нэмэгдэлтэйгээ нийлээд дунджаар 800 орчим төгрөгийн цалин авдаг. Тэгвэл дээрх торгуулийн хэмжээ ойролцоогоор нэг эмчийн 10 жилийн цалин болж байгаа юм. Тиймээс "аавын хаалга" аяндаа нээгдэнэ. Энэ утгаараа эрүүл мэндийн байгууллагын 47 мянган ажилтан, эмнэлгийн мэргэжлийн 30-аад мянган ажилтан эсэргүүцэлд саналаа нэгтгэжээ.
Хуулиндаа эмчийн алдааг "болгоомжгүй" гэдгээр тайлбарладаг юм байна. Болгоомжгүй гэдэг ухагдахуунд хөнгөмсгөөр найдах болонхайнга хандах гэсэн ойлголтыг хамруулна. Гэвч тангараг өргөсөн хүн, ялангуяа хүний амь настай холбоотой ажил мэргэжлийн хүн тэр бүр эдгээр алдааг гаргахыг бодохгүй нь лавтай. Зарим алдаа гаргасан тохиолдлууд дуулддаг ч тухай бүрт нь хариуцлагыг нь хүлээлгэсэн байдаг. Гэхдээ эрүүгийн чанартай, хүний амийг санаатайгаар хохироосон хэрэг эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчин бүрдсэнээс хойш нэг ч гарч байгаагүй юм байна.
Тэгэхээр эмч, мэргэжилтнүүдийн ганц хүсэлтийг харж үзэхгүй байх шалтгаан байхгүй биз. Тэдний хүсэлт бол товчхондоо "бусад хуулиндаа болгоомжгүй хүний биед хүнд ба хүндэвтэр гэмтэл учруулбал оноодог ялтай л ижил болгох".
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ