Орос, НАТО-гийн цаашдын харилцааны тухай ярив

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Оростой тус эвсэл цаашид хэрхэн харилцах тухай ярьжээ. Ройтерс агентлаг энэ тухай мэдээлсэн байна.
Украины хямрал эхлэснээс хойш анх удаа хийсэн Орос-НАТО-гийн зөвлөлийн хуралдааны дүнгийн талаар Столтенберг ярихдаа, Украины байдал болон европын аюулгүй байдлын асуудлаар тус эвсэл болон Оросын санал зөрөлдөөн гүн гүнзгий шинжтэй байна гэж мэдэгджээ.
“Украины асуудлын талаарх баримтыг үнэлж дүгнэх төдийгүй, эдгээр баримтыг дурдаж, тайлбарлах талаар санал зөрж байгааг уулзалтын үеэр бид дахин мэдэж авлаа. Украинд болж буй хэрэг явдлыг иргэний дайн хэмээн үзэж буй Оросын байр суурийг манай төлөөлөгчдийн олон гишүүн зөвшөөрөөгүй юм. Үнэндээ Орос улс салан тусгаарлах үзэлтнүүдэд мөнгө, сум хэрэгслээр тусалж, түүнчлэн цэргийн зөвлөхүүдийг илгээн, Украины зүүн нутгийн байдлыг тогтворгүй болгож байгаа юм” гэж эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга дурджээ.
Брюссель хотод болсон санал шүүмжлэлийг Столтенберг “чин сэтгэлийн, нухацтай байдалд болсон яриа” хэмээн тодорхойлоод, гэхдээ хоёр талын харилцаа болон ердийн ажил төрлийн горимд эргэж орно хэмээн хүлээх хэрэггүй гэж тэмдэглэсэн байна.
Орос-НАТО-гийн зөвлөлийн хуралдаантай холбогдуулан Оросын гадаад бодлогын байгууллага тайлбар хийхдээ “Манай орныг цэрэг-улс төрийн талаар “тогтоон барих” тус эвслийн бодлого байдлыг тогтворгүй болгож байгаад оросын талаас гол анхаарал хандуулсан юм. Терроризмтой тэмцэх асуудал, Афганистаны талаарх бодитой хамтын ажиллагааг НАТО дангаараа зогсоосонтой холбоотой сөрөг үр дагавар гарч байгааг эвслийн гишүүн орнуудад анхаарууллаа” гэж дурджээ.
“Украины зүүн өмнөд нутагт Киевийн эрх баригчдын баримталж буй хүчний бодлогыг НАТО үг дуугүй дэмжиж байгаад бас зарчмын үнэлэлт дүгнэлт өгсөн юм” гэж Оросын гадаад хэргийн яам тэмдэглэсэн байна. “Бид хуралдааны дүнд анхааралтай дүн шинжилгээ хийх болно. Цаашид НАТО-гийн зүгээс эрх тэгш хамтран ажиллахад бэлэн байгаа эсэхийг харгалзаж, мөн оросын үндэсний эрх ашигт чанд нийцүүлэн байр сууриа тодорхойлох болно” гэж Оросын ГХЯ онцлон тэмдэглэжээ.
Оростой цэргийн болон иргэний бодитой хамтын ажиллагааг зогсоох тухай шийдвэрийг 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нд НАТО-гийн орнуудын ГХЯ-ны тэргүүн нарын уулзалтаас гаргасан юм. Ингэхдээ “санал бодлоо солилцох шаардлага гарахын хэрээр Орос-НАТО-гийн зөвлөлийн улс төрийн яриа хэлцээг элчин сайд нарын хэмжээнд болон үүнээс дээш түвшинд үргэлжлүүлж болох юм” гэж тэмдэглэсэн билээ.
Орос-НАТО-гийн зөвлөл нь2002 оны тавдугаар сард байгуулагдсан Орос болон тус эвслийн гишүүн улсуудын хооронд санал бодлоо солилцож, хамтын ажиллагааг хөгжүүлэх учиртай форум юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ