Г.Шийлэгдамбын үед дэмжлэгтэй орчинд ажиллаж байлаа

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэр дундаа элэгний С вирусийг үндэсний хэмжээнд устгах ажлыг санаачлагчийн хувьд өнөөгийн нөхцөл байдлын тухай мэдээлэл авсан юм.

-Харвони эмийг өчгдрөөс эхлэн худалдаанд гаргалаа. Эхний ээлжинд хамрагдсан иргэдийн эмчилгээ хэр үр дүнтэй байгаа вэ?
-1-р ээлжийн эмчилгээ гурван сар үргэлжлээд дууслаа. Эхний ээлжийн эмчилгээ 96-100 хувийн үр дүнтэй болсон. Одоо эхний 1600 хүн хяналтынхаа үе шатанд орж байгаа юм. Нэг жил хяналтанд явна. Харин өчигдрөөс дараагийн 2000 хүний эмчилгээ эхэлж байна.
-Элэгний архаг үрэвсэл гэж оношлогдсон хүн харвони эмийг ууж болохгүй гэж зөвлөсөн тохиолдол байна. Тэгэхээр ийм хүмүүс үнэхээр хэрэглэж болохгүй юу?
-Архагшсан хүн бүр хэрэглэж болохгүй гэж ойлгож болохгүй. Магадгүй тухайн хүн хавсарсан өвчлөлтэй байж магадгүй юм. Архагшсан хүн болгоныг оруулахгүй гэсэн юм байхгүй. Тухайн эмчийн харж байгаад гаргасан шийдвэрийн дагуу эмчлэх үгүй нь шийдэгдэнэ. Гэхдээ ийм хүнд эмчээ өөрчлөөд үзээрэй гэж би зөвлөх байна. Эмч бүр өөрийн гэсэн арга барилтай байгаа. Жишээ нь, зарим хүндэрсэн гэх хүмүүсийг эмчлэх хүсэл зорилготой, зоригтой эмч нар байгаа. Зарим нэг нь хүндрэл гарч магадгүй гэж болгоомжилж байгаа эмч нар ч бий. Хүнд хүнийг ч гэсэн эмчилчихье гэсэн эмч байгаа шүү гэдгийг хэлэх нь зүйтэй.
-Ямар нэгэн байдлаар нийтийн хоолны газрын тогооч шинжилгээнд хамрагдаагүй байхдаа гараа эсгэснээс цус нь хоолны хэрэгсэлд үсэрчээ гэж бодъё. Энэ тохиолдолд хоолоор С вирус халдварлах нөхцөл үүсэх үү?
-Буцлам халуунд С вирус үхнэ. Харин үйлчлүүлэгчийн ам ямар нэгэн байдлаар шархалсан бол шүүрхий ч юмуу, түүхий хүнсээр дамжин үсэрсэн цус вирус халдварлуулж болно. Нэг үгээр цусаар дамжин халдварладаг гэсэн үг.
-Харвони эмийг ууснаар эерэг, сөрөг ямар үзүүлэлтүүд гарсан бэ?
-Энэ эмийг уусан хүмүүсийн 90-ээс дээш хувийнх нь элэгний өрөвсөл арилж алатасат буурч эрүүл хүний хэмжээнд хүрч хэвийн байдалд орж байна. Мөн эрч хүч нэмэгдэж, ядрахаа больсон гэж байгаа. 100-д 2,3 хүн л эм ууснаас хойш ядарлаа гэсэн. Харин зарим хүмүүсийн толгой өвдөх нөлөө гарсан. 100-д нэг хүн эм ууж дөнгөж дууссаны дараа нүүрний хэсэгт таталт өгсөн тохиолдол байгаа. Гэхдээ энэ бол түр зуурд гарсан гаж нөлөө.
-Анх энэ эмийг монголд нэвтрүүлэхийг та санаачилсан. Тухайн үед төрийн зүгээс ямар саадтай болон дэмжлэгтэй талууд байсан бэ?
-Ний нуугүй шулуухан хэлэхэд Н.Удвал сайдын үед дэмжлэгт орчин байгаагүй ээ. Дэмжлэгт орчин байгаагүй гэхээсээ илүү бүр эсэргүүцэх хандлагатай орчинд ажиллаж байлаа. Г.Шийлэгдамба сайдад бол би өөрийнхөө боловсруулсан “Элэгний С вирусийг устгах үндэсний хөтөлбөр”-өө цаасаар өргөн бариад та миний ажлыг үргэлжлүүлээд дэмжээд яваарай гэдэг байдлаар хүлээлгэн өгсөн юм. Энэ эмийг оруулъя, хурдан шуурхай шийдвэрлэе гэсэн сэтгэл Г.Шийлэгдамба сайдад байсан. Г.Шийлэгдамбын үед дэмжлэгтэй орчинд ажиллаж байлаа. Ийм учраас одоо энэ ажил маань сайн явж байгаа юм. Оюунбаатар сайдын хувьд ч мөн адил энэ ажлыг цааш нь үргэлжлүүлье, бүр олон хувилбарыг оруулъя, Монгол Улсад үнийн өрсөлдөөн бий болгоё гэдэг талаас дэмжээд явж байна. ТНБД Ламбаа ч мөн дэмжиж байгаа.
- Жил орчмын үед сайд асан Шийлэгдамба В вирусийн эсрэг эмийн талаар Ерөнхийлөгчид мэдүүлсэн гэж хэлж байсан юм. В вирусийн эмчилгээ манайд хэр үр дүнтэй байгаа вэ?
-В вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэгддэг бараг бүх эм монголд хэрэглэгдэж байгаа.Үний хувьд ч бас маш боломжийн болсон. Үүний дагуу олон төслүүд хэрэгжиж байна. Нэг сарын эмчилгээний зардал 22 мянган төгрөг болсон болохоор эдийн засгийн хувьд хөнгөрсөн. Цаашид ЭМД-ын хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орчихсон. Тэгэхээр тун удахгүй илүү хөнгөлөх асуудал шийдэгдэнэ. Тиймээс энэ бол санхүүгийн эрсдэлд орохоор асуудал биш болсон. Ер нь В, С вирусийн эмчилгээний асуудал Монгол Улсад толгойны өвчин байхаа больж байна.
-Анх эм оруулж ирэх талаар ярьж байхад манайхан туршилтын туулай болох нь гэсэн эргэлзээтэй байлаа. Тэгвэл одоо ямар хандлагатай байна?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд Монгол руу хараад “Монгол орны асуудал үлгэр жишээ болох хэмжээнд очжээ, бусад хөгжиж байгаа орнууд Монгол Улсаас суралцах шаардлагатай” гэсэн ийм л үлгэр жишээ орон болоод байна даа.
-Тэгвэл Харвони эмийг ЭМД-аар хөнгөлөх асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Даатгалд хамруулах асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулагдсан. Гэхдээ одоогоор хуралдаагүй, ажлын хэсгээс гаргасан яамных нь зөвлөмж гараагүй байна. Энэ асуудал хүлээгдэлтэй байж байгаа.
-Энэ нь салбарын сайдыг томилоогүйтэй холбоотой юу?
-Энэ сайд байхгүйтэй холбоотой биш. Ажил явдгаараа явж байгаа. Ажлын хэсэгт ЭМСЯ-ны төлөөллүүд, ХАХНХЯ-наас байгаа, Сангийн яамнаас бүрэлдэхүүн орсон байгаа. Тийм учраас асуудал ямар нэгэн байдлаар Сайдаас шалтгаалах юм байхгүй. Гол нь Төсвийн тодотголоор асуудал шийдэгдэх ёстой. Хэрэв төсвийн тодотгол хийгдэхгүй бол энэ асуудал урагшлахад хэцүү. Яагаад гэвэл заавал ЭМД-аар мөнгө тавьсан ч гэсэн Төсвийн хуулиараа төсвийн тодотголд орж байж энэ асуудал шийдэгддэг.
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсан танд баярлалаа.
Харвони эмийг анх оруулж ирэх үед нийгэмд маш их хүлээлт үүсч байлаа. Тэгвэл одоо даатгалд хамруулах асуудал ээлжит хүлээлтийг үүсгэж байгаад холбогдох албаныхан анхаарлаа хандуулах биз ээ.
Ж.Амарсанаа төлөөлөгчийн хувьд хүний их эмч мэргэжилтэй бөгөөд мэргэжлээрээ гадаад, дотооддоо эмч, судлаачаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд эрдэм шинжилгээний маш олон ажил хийсэн манай залуу лидерүүдийн нэг юм. Тэрээр одоо Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн зэрэгцээ Ази Номхон далайн Элэгний эмгэг судлалын холбооны зөвлөхөөр ажиллаж байна. Мөн Монголын элэгний эмгэг судлалын холбооны хүндэтЕрөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.Түүний санаачлан хэрэгжүүлсэн С вирусийн эсрэг эмийг эх орондоо нэвтрүүлэх ажил ийнхүү үр дүнтэй хэрэгжиж байгаад талархах олны сэтгэгдэл хөвөрсөөр байна. Түүнчлэн энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд тухайн үеийн улс төрийн байр суурь нь ч чухал нөлөө үзүүлсэн гэдгийг тэрээр хэлж байлаа. Эрүүл мэндийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг үүгээр дурдаад зогсохгүй.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ