“Голомт”-ын Д.Баясгалангийн толгой дээр лууны сүүл эрчилж байна

Банкаар тоглодог буруу гарынхны шог гараа эхлэв бололтой. Мөнөөх МИАТ-ийн Ч.Хоролсүрэн “Голомт” банкны ерөнхий захирал Д.Баясгаланг дайны эрсдлийн сангийн мөнгө угаах ажилдаа хэдийнэ татаж амжжээ. Уг нь тус банк 90-ээд оны эхэн үед “Бодь” группээс өрх тусгаарлаж айл болсон.
Яваандаа хувийн хэвшлийн хамгийн том банкад зүй ёсоор тооцогдсон юм. Үндэсний хөрөнгө оруулалттай гэх авч эхэндээ Португалийн талаас мөнгө нийлүүлсэн байж болох сураг ч сонсдож байсан билээ.
Хачирхалтай нь ерөнхий захирал нь “Монголиан Эйрлайнс” компанийн оруулж ирсэн хоёр “Боинг”-ийн барьцаанд банкаа бараг тэр чигээр нь тавьчихаж. Төрийн өмчийн МИАТ компани сая нэг “Боинг”-ийг лизингээр авсныг бодоход ямар үнэтэй нь ойлгомжтой. Ч.Хоролсүрэн, Д.Баясгалан хоёрын нөхөрлөл зузаарсан нь их мөнгөнөөс улбаатай гэх.
МИАТ-ийн дайны эрсдэлийн сангийн мөнгийг тэрбум тэрбумаар нь гадагшлуулахад Ч.Хоролсүрэнд Д.Баясгалан том боломж олгож, “Солонго” салбарын захирал Г.Саранчимэг гар хөл нь болж байжээ. Д.Баясгаланг Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд Ч.Хоролсүрэн ихээхэн дэмжиж, мөнгө угаах том суваг нээгдэх нь хэмээн ам алдаж байсан гэдэг.
Спортын томоохон байгууллагын нэрээр мөнгө гулгуулдаг арга тийм ч нууц биш болжээ. Хамтрагч хоёр нийлж, хүүхдүүдээ Швейцарьт сургуульд нь хүргэж өгөх нэрийдлээр нэг биш удаа ганзага нийлүүлж явсан нь хилийн чанадад авлага өглөгөө жигдрүүлж явсных гэж учир мэдэх хүмүүс шивнэлдэх юм билээ.
Дөнгөж гурав хоногийн өмнө УИХ-аас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг батлан гаргасан нь 20 саяас дээш төгрөгийн сэжиг бүхий гүйлгээг саатуулах, шалгах эрхийг холбогдох байгууллагад олгож байгаа.
Хэрвээ хууль зөрчсөн байвал шийтгэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нугалж төлүүлнэ гэх юм байхгүй, овоо хүндхэн тусна. Энэ хуулийн овоо хараанд МИАТ-ийн дайны эрсдпэлийн сангийн мөнгийг угаасан хэрэг анхных болж багтах эсэх нь Дээд шүүх дээрх хуулийг аль өнцгөөс тайлбарласнаас шалтгаалах бололтой.
Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөж, “Бодь” групп дотроосоо өтөж, хотын төвийн хамгийн өндөр ууган цамхаг дотор өрөө тасалгаа эвдэж сүйтгэх нь юу ч биш болжээ. Эрхэм гишүүн М.Зоригт энэхүү хагалан бутаргах ажиллагааг далдуур ихэд өөгшүүлж байна.
“Бодь”-ийг үндэслэгч Лу.Болд нэгэн үе банктай бол банктай, сонинтой бол сонинтой, сайттай бол сайттай байсан бол нэг мэдэхэд “Алтан загасны үлгэр”-ийн эмгэн шиг хэмхэрхий тэвштэйгээ үлджээ. Түүний үгийг дамжуулах хэвлэл мэдээллийн хэрэгсэл олдсонгүй.
“Голомт” банк болон түүний эцэг “Бодь” группийн хооронд олон ээдрээт нарийн ширийнийг нь ухаж мэдэхэд нэн төвөгтэй нөхцөл байдал нэгэнт үүсчээ. Ч.Хоролсүрэн шоронгоос “Таван тэрбум төгрөг ч яамай” гэснийг бодоход энэ хэрэг ихэд нигууртай бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ