Пхеньян хотын дор нууц хонгил байдаг тухай мэдээлжээ

Умард Солонгосын нийслэлийн дор 300 метрийн гүнд тус орны удирдагчид, түүний дотор тухайн үедээ Ким Чен Ирийг нүүлгэн шилжүүлэхэд зориулсан хонгилын сүлжээ байгуулжээ. Өмнөд Солонгост оргон гарсан хүмүүсийн нэг “Free North Korea Radio” радио станцын нэвтрүүлгээр ингэж ярьсан байна.

1997 оны Сөүлд зугатан очсон эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга асан Хван Чан Епийн хэлснээр, хонгилын сүлжээ нь Пхеньянаас олон километр үргэлжлэх бөгөөд аюул тохиолдсон нөхцөлд Хятадтай хиллэх хилд саадгүй хүрэх боломжийг удирдах хүмүүст олгодог байна. Газар доорхи зам харилцааны систем нь дээд тушаалын хүмүүст зориулсан төмөр замын хонгил болон бөмбөгнөөс хоргодох байруудтай холбогджээ.

Хонгилын сүлжээний нийт урт нь тодорхойгүй ч, зарим салаа нь БНАСАУ-ын нийслэлээс 40 километр үргэлжилдэг гэж Хван Чан Еп хэлсэн байна.

Умард Солонгост нууц хонгилууд байдаг нь аль эрт тодорхой болсон ч, Өмнөд Солонгост халдахад зориулагдсан хилийн ойролцоохи хонгилын тухай л ярьдаг байсан юм. Анхны ийм хонгилыг 1974 онд Өмнөд Солонгосын цэрэг илрүүлсэн бөгөөд түүний ханыг нүүрсний уурхайн нүхэн гарц хэмээн эндүүрэхээр хар өнгөөр будсан байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ