Ж.Амарсанаа: ХӨСҮТ хариуцлага хүлээх ёстой

Эрүүл мэндийн дэд сайд асан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаатай эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудаар байр суурийг нь сонслоо.
Нэн түрүүнд тулгамдаад байгаа улаан бурхан өвчний талаар асууя. Энэ өвчнөөс болж асуудал үүсч байгаа нь салбарын сайдгүйтэй холбоотой юу?
-Салбарын сайдтай сайдгүй өвчлөл гарлаа гэхэд хариуцсан байгууллага нь ажлаа хийх ёстой. Хүүхэд олноор эндэж байгаа тухайд гэвэл сайдтай байсан бол цаг алдалгүй шийдвэр гаргаад явах байсан болов уу.
-Энэ өвчин ингэж газар авсанд тэгвэл хэн буруутай вэ? Эсвэл угаасаа л урсгалаараа нийгэмд гарч ирэх байсан асуудлыг ингэж улс төржүүлээд байна уу?
-Ер нь ХӨСҮТ маш сайн ажилласан бол эндэгдэл газар авах ёсгүй байсан. Яагаад гэвэл анхны дэгдэлт гарсан даруйд тусгаарлах ажлыг маш сайн хийж, халдвар тархалтыг барих үүрэгтэй. Хяналтаасаа алдах ёсгүй. Тэгэхээр ХӨСҮТ энэ асуудалд тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Тандалт судлалын алба гэж байна. Тэд нар маш богино хугацаанд барьж зогсоох ёстой. Гадуур улс төржүүлээд л байгаа болохоос улаанбурхан гардгаараа гарах л байсан. Хэрэв анхнаасаа ХӨСҮТ-өөс салбарын яамандаа шаардлага тавьж ажиллаагүй бол тэд буруутай. Харин шаардаад байхад нь арга хэмжээ авч ажиллаагүй бол яам буруутай. Тэгвэл яам Ерөнхий сайдад хандаад сайд цаг тухайд нь асуудлыг нь шийдэж өгөөгүй бол сайд буруутай. Яг аль түвшинд хариуцлага алдсан, тэр нь л хариуцлага хүлээх байгууллагаар нь шалгуулаад гэрчилгээг нь гаргуулж авах хэрэгтэй. Тэгвэл аль аль талдааа суудал үүсээд байхгүй.
-Та транс тосны агууламжийг цэсүүдэд бичдэг болгоно гэж байсан. Энэ ажил тань ямар шатандаа явж байна вэ?
-Уг нь нийслэлийн хэмжээнд энэ ажлыг эхлүүлье гэтэл ХХААЯ-наас дан ганц нийслэл дангаараа хэрэгжүүлэх нь зохимжгүй юм. Улсын хэмжээнд нэг мөр стандарт гаргах гэж байгаа гэсэн байгаа. Хэрэв хийх гэж байгаа бол хурдан хийх хэрэгтэй. Үгүй бол нийслэл дангаараа ч болов иргэдийнхээ эрүүл мэндийг хариуцъя гэсэн байр суурьтай байгаа
-Шинээр батлагдсан эрүүгийн хуулийн талаар эмч мэргэжилтнүүд эсэргүүцлээ илэрхийлээд байгаа. Та энэ хуулийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Эмч нар хүний амь насыг хариуцаж байгаагийн хувьд маш өндөр хариуцлагатай байх ёстой. Тэр утгаараа ч хариуцлагыг чангатгах нь зөв. Гэхдээ шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тухайд гэвэл арай л хатуу, харгис болсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцлагын 70 орчим хувийг тусгай заалтаар, үлдсэн хувийг эрүүгийн хуулиар зохицуулдаг. Гэтэл манайд эсрэгээрээ 70 орчим хувийг эрүүгийн хуулиар үлдсэн бага хэсгийг нь тусгай заалтаар зохицуулахаар тусгасан нь буруу. Бүр тэнсэн харгалзах ялгүй болгосон нь ямар хатуу болсныг харуулж байгаа биз дээ
-Эмч нар хариуцлагаас зугатсандаа биш. Гагцхүү ялыг бууруулахыг шаардсан гэж байгаа. Гэхдээ тэд өөрсдөө хариуцлагаа ямар түвшинд ухамсарлах талаар дурдаагүй юм шиг байгаа юм. Таныхаар ямар зохицуулалт хийх нь зөв бэ?
-Харин тэгсэн. Тэд нэг талыг барьсан шаардлага хүргүүлсэн. Хариуцлагаа хэрхэн дээшлүүлж, яаж ажиллах талаар дурдаагүй. Уг нь бид ингэж ажиллах болно, харин та бүхэн энийг ингэж зохицуулж өгнө үү гэх нь зөв байсан юм. Миний бодлоор эмнэлгийн мэргэжилтэн алдаа гаргалаа гэхэд дээд болон ижил түвшний мэргэжилтнүүдийн хамтарсан хурал хийж, зааж зөвлөж, ямар хариуцлага хүлээлгэхээ харилцан ярилцаж байгаад шийдэх нь зүгээр юм болов уу гэж бодож байна. Бүр ноцтой байдалд Эрүүгийн хуулийн зохицуулалтыг барих нь зөв байх. Гэтэл манайд одоо бараг ихэнх хариуцлагад эрүү үүсгэхээр болоод байна.
-Цаг үеийн асуудлаар ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ