Буйр нуурт дөрвөн хүн амь эрсэджээ

Ар, Өвөр Монголын зааг дээр орших Буйр нуурт загас агнахаар явсан 25-32 насны дөрвөн иргэн осолдож, амиа алджээ. Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Халх гол сумын харьяат гурван иргэн, Баянтүмэн суман нэг иргэн амь эрсэдсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тэд Буйр нуурын эрэг орчмоор завиар очин загас агнаж байх үед хүчтэй салхи хөдөлж мөсний хөдөлгөөн ихэссэнээс осолдсон байж болзошгүй аж. Аймгийн ОБГ-ын ажилтнууд нуурын орчим эрэн хайх ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор нэгнийх нь цогцсыг олоод байгаа юм байна.

Нуурын мөс гүйцэд хайлаагүйгээс гадна ус хүйтэн, харанхуй, хүчтэй салхитай, мөсний хөдөлгөөн их байгаа зэрэг нь эрж хайх ажиллагаанд хүндрэл учруулж байгаа талаар аймгийн ОБГ-аас мэдээлжээ.

Буйр нуурын мөс бүрэн хайлж амжаагүй, зах хэсгээрээ 100-200 метр газар л гэсч эхэлжээ. Тиймээс иргэдийг тус нуурын орчимд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ