Дуучин Баясук: Хулгай хийгээд хүнээс зугтаж яваа биш

“Take Off” хамтлаг сүүлийн хэдэн жил нам жим болоод байгаа билээ. Хамтлагийн болон хувийн уран бүтээл, сонин сайхныг нь сонсохоор тус хамтлагийн дуучин Д. Баясгалантай ярилцлаа.

-Танай хамтлагаар сонин юутай. Бараг сүүлийн хэдэн жил нам гүм байлаа. Уран бүтээлээ хийж байгаа юу?

-Хамтлаг 2008 оны аравдугаар сард “History of Take Оff” тоглолтоо хийгээдуран бүтээлээ түр завсарласан. Тэгээд өөрсдийнхөө дуртай чиглэлээр ажиллаж, амьдарч байгаа. Хамтлаг тарсан зүйл байхгүй. Олон жил хамт уран бүтээл хийсэн болохоор түр хугацаанд хувийн ажил амьдралаа зохицуулъя гэж шийдсэн.

-Хувийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

-2009 онд “Metrosound”, дараа нь “Secret” нэртэй цомог гаргасан. Энэ хоёр цомгийн дууны үг, аяыг бүгдийг нь өөрөө зохиосон. Өөрийнхөө дууны ая, үгийг зохиодог дуучин цөөхөн байдаг. Би одоо ямар л бол ямар төрөл жанрын дуу хийх чадвартай болсон. Мэдээж шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж байна. Манай нийгмийн масс нь нийтийн дууг илүү ойлгож, хүлээж авдаг түвшинд байгаа болохоор яг тэр лүү нь чиглэсэн стилиэр уран бүтээл хийдэг юм уу гэж бодох юм. Тогоо шанага, дээл хувцаснаас өөр үг хэллэгтэй дууг хүлээж авах сэтгэхүйтэй хүн цөөнх байна шүү дээ. Одоо телевизийн салбарт хүч үзээд байна даа. “Royal” телевизэд ажиллаж байгаа.

-Та өөрийнхөө хүссэн стиль, жанраар уран бүтээлээ хийж болохгүй гэж үү?

-Өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам өсөж байгаа хэдий ч хотын хөгжим дуугарч, хотын философи амьдарч чадахгүй байгаа гэж би боддог. Тийм болохоор энэ хүмүүсийн сэтгэхүй хүлээж авахуйц энгийн аялгуу, үгтэй, гэхдээ зохиолын дуунаас арай өөр жанрын дуу хийхээс өөр арга алга. Би ч гэсэн амьдармаар байна. Уран бүтээл хийгээд тэр маань борлохгүй бол би яаж амьдрах юм бэ. Бас электро поп, club-ын дуу хийе гэж бодож байна. Уран бүтээлч хүн шинэ зүйл бүрийг туршиж үзэх хэрэгтэй. Нэг хэвэнд цутгасан юм шиг уран бүтээл хийгээд байвал урлаг зогсонги байдалд эсвэл уналтанд ордог. Манай улсын дууны урлаг яг ний нуугүй ярихад ухралтын байдалд орчихсон. Гэхдээ шинийг эрэлхийлж байгаа уран бүтээлчид цөөхөн ч гэсэн байгаа шүү.

-Таны цомог зарагдахгүй байгаа гэсэн үг үү?

-Манайд урлагийн хууль гэж байдаггүй. Үүнийг ашиглаад тархи сайтай, компьютерийн мэдлэгтэй зарим нь уран бүтээлчдийн дууг интернетээр үнэ төлбөргүй цацдаг ч юм уу, утасны контент болгон ашиглаж бид нарын хөлс хүчээр мөнгө олж байна. Хуучинхүнийг хүчээр дээрэмддэг байсан бол одоо хуулийн цоорхой ашиглаж хүнээс хулгай хийж амьдарч байна гэсэн үг. Тэгээд ярилцаж гэрээ байгуулъя гэхээр аль болох татгалзаж, зугтахыг хичээдэг. Утасны компаниуд байхгүй байхад бид CD shop-уудаар цомгоо зараад амьжиргааны мөнгөө олдог байсан. Гэтэл одоо нэг ч CD зарагдахаа больсон. Уран бүтээлчид бид нэгдээд тэмцэх гэхээр бас л болохгүй юм. Хамгийн гол нь төр засгаас урлаг соёлынхондоо зориулж хууль батлах хэрэгтэй байна.

-Таны дуунууд бусдаас их өвөрмөц юм шиг санагддаг. Нэр, утга санаа гээд л?

-Би амар хялбар аргаар мөнгө олох гэж уран бүтээл хийдэггүй. Тиймээс цомгоо илүү өвөрмөц, жинхэнэ урлагийн бүтээл байлгахын төлөө хичээдэг. “Богинохон даашинзтай охин”, “Бантан” гэх мэт дууны нэр, утга санаа, текстнээсээ авахуулаад өвөрмөц. Цомгийн зургаа хүртэл нүцгэн авахуулсан. Энэ бол урлаг.

-Таныг хөгжмийн сургалтын төв байгуулсан гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?

-“Metrosound Мusic Сenter” гэсэн хөгжмийн сургалтын төв байгуулсан. Энэ нь Singersongerwriter-уудыг бэлтгэх зорилготой. Манайд гитарын ч юм уу дуулаачийн сургалт явуулдаг газар зөндөө байдаг л даа. Харин манай сургалтын онцлог нь дуугаа өөрөө бичээд, аяаа зохиогоод, өөрөө дуулах чадварыг нэг зэрэг олгох юм. Монголын урлаг улам баяжиж, хөгжүүлэх хүмүүс нь илүү боловсроосой гэж бодсон үүднээс л ийм үйл ажиллагаа явуулж байна.

-Рок попынхноос үлгэр дууриалал авдаг хүн байгаа юу?

-Мэдээж мундаг хүмүүс их. Нэрийг нь хэлчихээр бусад нь гомдчих гээд байдаг юм.

-Сүүлийн үед гарч ирж байгаа залуу хамтлаг дуучдын талаарх таны бодлыг сонсож болох уу?

-Сайн дуулж байгаа хамтлаг ч байна. Урлагийг ухралтад оруулж байгаа нь ч байна. Тийм болохоор дурдаад байх ч хэрэггүй.

-Та ер нь их нууцтай хүн юм аа?

-Хувь хүн, компани, эрэгтэй, эмэгтэй аль нь ч бай дэлгэх юмаа дэлгэдэг, нуух юм аа нуудаг байх хэрэгтэй. Бүх юмаа ил тод болгочихоор ямар ч утгагүй шүү дээ. Хүнд өөрийн гэсэн нууц байх ёстой.

-Бас их хүсэл тэмүүлэлтэй юм шиг санагдлаа?

Би ер нь чадах л юм бол бүгдийг хийж үзье гэж боддог. Хамгийн гол нь чаддаг л байх нь чухал. Кино хийж, барилга барьсан ч яадаг юм.

-Таньд кинонд тоглох урилга ирж байв уу?

-Хэдэн жилийн өмнө хамтлагаараа кино хийе гэж ярьдагбайлаа. Урилга ч ирдэгбайсан. Гэхдээ тоглоогүй. Гэхдээ удахгүй тоглох байх. Киноны уран бүтээл хүний залуу насыг хальсанд мөнхөлдгөөрөө сайхан. Тийм болохоор миний боломж бололцоо, жүжиглэх чадвар хүрэх юм бол кинонд тоглоно. Эсрэг, эерэг, гол, туслах гээд ямар ч дүр байсан хамаагүй.

-Гадаадад амьдаръя гэж бодож байсан уу?

-Ер нь гадаад руу олон монгол залуус дайжиж байна . Тэнд амьдардаг танилууд маань “Наанаа юу хийх гээд байгаа юм бэ. Урлаг хөөж цаг алдаж байхаар энэ сайхан орчинд амьдрал байна шүү дээ” гэдэг л дээ. Гэхдээ би эх орноо гэсэн үзэлтэй хүн. Хүний газар хүнийх л байдаг. Дээрэлхүүлээд л явна. Харин эх орондоо сайхан амьдрах боломж байгаа юм. гэтэл төр засгийн буруу бодлого, монголчуудын амьдралын буруу хэвшлээс болоод зөв бодолтой, мэдлэг боловсролтой залуучууд нь бүгд цагаачлаад гараад явчихсан. Бид ийм өрөвдөлтэй амьдарч болохгүй.

-Таны эдлэж хэрэглэдэг зүйлсийг сонирхож болох уу. Ямар машин унадаг вэ?

-Мундаг гоё машин унадаггүй. Яагаад гэвэл сэтгэл ханамжтай байх хэмжээний мөнгө олж чадахгүй байна. Бусадтай л адил орон байр, ар гэрийн асуудал зөндөө байдаг. Тийм болохоор боломжиндоо тааруулаад л, ажлаа амжуулаад явж л байна. Урьд нь зөндөө машин сольж унаж байсан. Үнэхээр Монголд рок поп хөгжмийг ойлгодог хүмүүс дийлэнх байсан бол бидний уран бүтээлийг үнэлэх үнэлэмж нь ч өөр байх байсан. Тиймээс мундаг баян хүн шиг жүжиглэж чадахгүй.

-Их энгийн хувцасладаг юм аа даа?

-Тийм ээ. Гэхдээ хүн бүрийн өмссөн хувцсыг өмсөх дургүй. 1000 доллар байна уу,10 мянган төгрөгний үнэтэй байсан ч хамаа алга. Хамгийн гол нь чанартай, материал сайтай байхад л болно. Олны танил, залууст үлгэр дууриалал болох ёстой урлагийн хүний хувьд мэдээж бусдаас өвөрмөц байх нь зүйн хэрэг. Хэрвээ миний өмссөнийг хэн нэгэн өмссөн байвал дахиад өмсөх ямар ч сонирхолгүй болчихдог. Хувцасны асуудалд санаа зовоод байдаггүй. Хүн ямар арван биетэй биш дээ.

-Гар утсыг хэрэглээ талаас нь авдаг уу, эсвэл гангараа, элдэв функцийг нь хардаг уу?

-Мэдээж хүчин чадал сайтай, компьютер шиг гар утас гоё. Үнэхээр боломжтой бол аль болох хүчтэй, гоё сайхныг нь л хэрэглэх нь зөв.

-Хүмүүс нэг зэрэг олон утас барьдаг болчихож. Үүнийг та юу гэж боддог вэ?

-Хувь хүний л асуудал. Би амьдралдаа ганцхан дугаар бариад арав гаран жил боллоо. Солъё ч гэж боддоггүй. Зарим хүн байсхийгээд л утасныхаа дугаарыг, оператороо солиод байдаг нь сонин санагддаг. Хэрэг гараад залгахаар зарагдчихсан гэдэг ч юм уу. Би ямар худал, хулгай хийгээд хүнээс зугтаж яваа биш нэг дугаартайгаа л байна гэж боддог. Өөрт ч амар байдаг юм.

-Чөлөөт цагаараа бүжиглэдэг үү. Ихэвчлэн хаана ордог вэ?

-Бүжиглэнэ. Сэтгэл сэргээд сайхан болдог л доо. Намайг хараад юу гэж ярьж, бодох бол гэж би байнга санаа зовдоггүй. Олны танил гээд худлаа дүр эсгэхийг ч хүсдэггүй. Би ч гэсэн хүн. Үнэхээр хүсээд, бүжиглэмээр санагдвал том, жижиг гэлтгүй аль ч баар луу ороод чөлөөт цагаа өнгөрүүлж чадна. Угаасаа ч тэгдэг. Би өөрийгөө эвтэйхэн авч яваад сайхан мэдрэмжийг мэдэрч л байвал бусад хүн юу гэх нь хамаагүй гэжбоддог.

-Караокед ордог биз дээ. Ямар дуу дуулдаг вэ?

-Янз бүр. Англи дуу, хамтлагийнхаа дууг дуулна. Бас хааяа сонсоод, амандаа аялдаг бусад уран бүтээлчдийнхээ дууг ч дуулчихдаг.

-Таньд ямар бүсгүйчүүд таалагддаг вэ?

-Хамгийн түрүүнд нүдээр харсан төрх чухал байх. Үзэсгэлэнтэй царай, сайхан галбир ч юм уу. Ер нь эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүнийг харахдаа эхлээд гаднах байдлаар нь дүгнэдэг шүү дээ. Тэгснийхээ дараа л тэр дотоод сэтгэлийг нь таньж мэдэхийг хичээдэг байх. Би ч тэгдэг. Спортоор хичээллэдэг болохоор сүүлийн үед бүсгүйчүүдийг спортлог талаас нь дүгнээд байдаг болчихсон байна билээ. Галбирыг нь хардаг ч юм уу.

-Ямар спортоор хичээллэдэг вэ?

-Фитнесс, усанд сэлэлтээрхичээллээд нэлээд удаж байна. Хүн ер нь эрүүл чийрэг, сайхан харагдах хэрэгтэй. Түүнээс биш энд тэндээ өөх, гүзээ унжуулаад яваад байх нь тийм ч сайхан зүйл биш.

-Ямар хоол идэх дуртай вэ. Гадуур их явдаг хүн өдрийн хоолоо ихэвчлэн хаана иддэг вэ?

-Би ургамал хоолтон болоод хэдэн жил болж байна. Бие хөнгөрөөд, оюун санаа цэвэршээд ч байх шиг ёстой сайхан болсон. Мах иддэг байхад уур уцаартай байж. Одоо их тайван болсон. Мал гаргахад зовж тарчилсан амьтны муу бүхэн махандаа шингэж байгаа шүү дээ. Гэтэл бид хөргөгч, хөлдөөгчиндөө хийж өдий төдий удаан хадгалж, хуучирсан үхдэл идэж байна гэсэн үг. Үнэхээр муухай байгаа биз дээ. Хүн бүр ингэж бодож, цагаан хоолтон болох юм бол таны өөрөө өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм даа. Дээрээс нь та илүүдэл жингээ ч хаяж чадна. Цагаан хоолны газрууд гадуур их болсон.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ