Зарим эмнэлгийн амьсгалын аппаратыг ХӨСҮТ-рүү шилжүүлжээ

Эрүүл мэндийн яамнаас Цэргийн госпитал, ЭХЭМҮТ, Нэгдүгээр төв эмнэлгээс амьсгалын гурван аппаратыг ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ. Одоо ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт улаанбурханаар өвчилсөн 0-9 сартай 21 хүүхэд хэвтэн эмчүүлж байгаа аж.

Албаныхны мэдээлснээр энэ сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ сарын 15-21-ний долоо хоногт 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурсан үзүүлэлтэй гарчээ.

Гэхдээ Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод тархалт өндөр байгаа аж.

Өвчлөл 0-8 сартай болон 15-29 насны хүүхэд, залуучуудын дунд өндөр хэвээр байгаа юм байна.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар ХӨСҮТ-д нийт 2208 өвчтөн хандсаны 77 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 18 хувь нь хэвтэн эмчлүүлжээ.

Улаанбурхан өвчнөөр өвчлөгсдийн ойрын хавьтлын судалгааг хийж, 160 хүнийг голомтын дархлуужуулалтад хамруулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ