ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэх санал гаргалаа

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хурлын эхэнд гишүүд “Шударга ёс” эвслийн бүлгийн завсарлага хуулийн дагуу байсан эсэхийг шалгаад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдахгүй 45 хонож байгаа гэсэн шүү дээ. Гэтэл бүлгийг төлөөлж ганц ганцаараа завсарлага аваад гүйгээд байж болохгүй. Бүлгийн гишүүд хэлэлцээд олонхийн саналаар дэмжээгүй байхад завсарлага авахаа болих хэрэгтэй. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудалд оруулаад өгөөч, дарга аа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх нь зүйтэй. Сонгуулийн хугацаа дөхөөд байхад огт хуралддаггүй бүлэгт завсарлага өгөх шаардлагагүй” гэсэн юм.

Энэхүү асуудалд УИХ-ын дарга З.Энхболд “Өдийг хүртэл завсарлага авсан тухай хурлын протоколыг харж байгаагүй. Одооноос шалгаж байх нь зүйтэй юм байна. Тиймээс УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Батцэрэг хоёр чуулганы танхимд ирж завсарлага авсан шалтгаан, хурлын талаар мэдээлэх хэрэгтэй байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ