“Шударга ёс” эвслийн бүлэгт завсарлагаа маргааш дуусгахыг даалгав


УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хурлын эхэнд гишүүд “Шударга ёс” эвслийн бүлгийн завсарлага хуулийн дагуу байсан эсэхийг шалгаад Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүл мэнд спортын сайдын томилгоо, УИХ-ын гишүүн Г.Уянга “Саусгоби сэндс” компанийн удирдлагуудыг уучилсан Ерөнхийлөгчийн зарлигийг хуулийн дагуу байсан эсэх асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байгааг онцоллоо.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдахгүй 45 хонож байгаа гэсэн шүү дээ. Гэтэл бүлгийг төлөөлж ганц ганцаараа завсарлага аваад гүйгээд байж болохгүй. Бүлгийн гишүүд хэлэлцээд олонхийн саналаар дэмжээгүй байхад завсарлага авахаа болих хэрэгтэй. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудалд оруулаад өгөөч, дарга аа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх нь зүйтэй. Сонгуулийн хугацаа дөхөөд байхад огт хуралддаггүй бүлэгт завсарлага өгөх шаардлагагүй” гэсэн юм.
Энэхүү асуудалд УИХ-ын дарга З.Энхболд “Өдийг хүртэл завсарлага авсан тухай хурлын протоколыг харж байгаагүй. Одооноос шалгаж байх нь зүйтэй юм байна. Тиймээс УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Батцэрэг хоёр чуулганы танхимд ирж завсарлага авсан шалтгаан, хурлын талаар мэдээлэх хэрэгтэй байна” гэлээ.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Манай бүлэг хуулийн дагуу хуралдаж завсарлага авсан. Бид завсарлага авсан тав хоногийн хугацаандаа багтаж аль болох яаралтай асуудлаа шийднэ” гэх хариултыг өгсөн юм.
Үүнд УИХ-ын дарга З.Энхболд “Энэ асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа тул маргааш өглөө гэхэд завсарлагаа дуусгах хэрэгтэй. Өнөөдөр хэлэлцээд асуудлаа шийдэхийг “Шударга ёс” эвслийн бүлгийнхнээс хүсч байна” гэж даалгасан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ