О.Ганбат, Б.Цэнгэл нар 449 гаалийн байцаагчийг сэлгүүлэн томилжээ

АТГ-ынхан Замын-Үүдийн гаалийн газарт энэ сарын эхээр очиж ажиллалаа. Ингэхдээ боловсон хүчний томилгоо, хүний нөөцийн асуудалтай танилцсан юм. Энэ үеэр тус газрын гаалийн байцаагч нар гаалийн байцаагч нарыг томилох, хооронд нь сэлгэн ажиллуулахад гадны нөлөө их ордог гэдгийг онцлон хэллээ. Тодруулбал, улс төрийн нөлөө маш их байдаг гэсэн юм. Тэд "танил тал, жалга довын зарчмаар томилгоо хийдэг нь шударга ажилтнуудын хувьд өсөх дэвших боломжийг боомилдог" гэлээ.
Мөн нэг дарга солигдох бүрт даган томилгоо хийгддэг нь энэ салбарын хувьд хэвийн үзэгдэл болсон гэдгийг онцолж байв. Дашрамд дурдахад, Гаалийн ерөнхий газрын даргаар 2015 онд томилогдсон Б.Цэнгэлийн үед богино хугацаанд даргын тушаалаар нийт 640 гаалийн байцаагчийг өөрчилж, шинээр 262 гаалийн байцаагч томилсон, сэлгүүлэн томилох нэрийдлээр 378 байцаагчийг шилжүүлсэн байна. Дараа нь О.Ганбат даргын үед 35 байцаагчийг шинээр, 71 байцаагчийг сэлгүүлэн томилжээ. Энэ нь бас л 100-гаар хэмжигдэх тооны томилгоо хийгдсэн гэсэн үг юм. 2015 онд 2 дарга 3 удаа ээлж дараалан томилогдохдоо өмнөх даргын шийдвэрийг дараагийн дарга нь өөрчилж, нийтдээ 449 байцаагчийг ийш тийш нь шилжүүлж сэлгэсэн байгаа юм. Энэ асуудал нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх маш том хүчин зүйл гэж АТГ үзэж, уг зөрчил, дутагдлыг арилгуулахаар Гааль, татварын ерөнхий газартай хамтран ажиллаж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ