Хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад баригдав

Сүүлийн үед өсвөр насны буюу сургуулийн сурагчид ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч улмаар амиа алдах харамсалтай хэрэг гарсаар байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад баригдсан хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, ХУД-16. “7-р сургуулийн хойд талын цэцэрлэг дотор хүүхдүүд газ үнэрлээд байна” гэсэн мэдээллийг өчигдөр авч шалгахад, ХУД-10. хороонд суух С /эр.14н/, ХУД-16. хороонд суух С /эр.15н/ нар хэрэглээний газ үнэрлэж байсныг шалгаж байна. Дашрамд дуулгахад, ЦЕГ-ын Мэдээлэл лавлагааны төвд өнгөрсөн онд хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг 82 хувиар өсчээ. Эдгээрээс өсвөр насныхан мансуурсан гэх хэрэг 51 хэрэг бүртгэгдсэн байна. Өсвөр насныхан ийнхүү мансуурах болсонд эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүд эрүүл мэндийн боловсрол дутмаг, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулах эрхтэй худалдааны цэгүүд хууль журмаа биелүүлдэггүй зэрэгтэй шууд холбоотой. Хуулийн хүрээнд насанд хүрээгүй хүүхэд хий үнэрлэж мансуурсан гэмт хэрэг хийсэн бол хий хэрхэн олж авснаас шалтгаалж холбогдох этгээдэд хариуцлага тооцдог. Тухайлбал, хүүхэд хийг гэрээсээ авч хэрэглэсэн бол хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эцэг эхэд эрүүгийн хариуцлага тооцож хорих ял шийтгэнэ. Харин насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний хий худалдсан бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай ажээ.

Н.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ