Монгол цустай гэдгээрээ бахархдаг Пакистаны маршал

Пакистаны нисэх хүчний маршал Шарбат Али Чингис/Changazi/ бол Хазар монголчуудаас цэргийн энэ өндөр цолд хүрсэн цорын ганц хүн ажээ.

Түүний эцэг 1880-аад онд Хазар үндэстнийг устгаж цэвэрлэж байсан Афганистаныг орхиж, Их Британийн колонийн армид элссэн нэгэн аж.

Шарбат Чингис ч цэргийн сургалтанд хамрагдахаар бүртгүүлж, дараа нь Пакистаны нисэх хүчинд нэгдсэн байна. Тэрбээр тэтгэвэртээ гарсанаасаа хойш, Карачи хотод гэр бүлийнхээ хамт амьдарч байна. Тэрбээр өөрийнхөө тухай ийнхүү өгүүлжээ.

"Би Афганистаны удирдагчдын манай ард түмэнд хүнлэг бусаар ханддаг тухай сонссон. Эдгээр үйл явдлын тухай зүйлсийн ихэнх хэсгийг нь би аав, ээжээсээ сонссон. Аав минь 18 настайдаа Афганистаныг орхин Пешаварт ирж, дараа нь Их Британийн Энэтхэгийн колонийн армид 1903 онд элссэн. Харин миний ээж долоон настай байхдаа Афганистаныг өвлийн дундуур орхиж байсан. Миний тооцоолсноор тэр 1892 онд төрсөн. Түүний гэр бүл Ираны Мешхедийн ойролцоох Фариманд суурьшсан.

Миний эцэг, эх бага байхдаа Афганы эрх баригчдын Хазарчуудын эсрэг явуулсан аллага, хүчирхийллийг өөрсдийн нүдээр харсан хүмүүс. Мөн би өөрийн ард түмний бусад олон төлөөлөл болох хүмүүсээс тэр тухай түүхийг олноор сонссон. Мэдээжийн хэрэг, эдгээр харгис үйлдлүүдийг Хазар Монголчуудын эсрэг үйлдсэн нь миний үзэл бодол ба ертөнцийг харах үзэлд нөлөөлж, түүнчлэн Хазар түмнээ хайрлах ухааныг суулгасан. Цорын ганц ялгаа нь би Британийн Энэтхэгийн Кветтад төрсөнд байгаа юм. Миний оюун ухаан Афганистаны Дуррани дахь Хазарчуудынх шиг боолынх биш байсан юм. .

1955 онд би 23 настай нисэх хүчний залуу офицер болоод Марипур авиабаазад ажиллаж эхэлсэн. Бидэнд нэг удаа манай баазад Афганистаны хаан, Захир Шахын онгоц газардсан гэж хэлсэн. Манай эскадрилийн дарга, ахмад Стивен Иосеф, гарал үүслийн хувьд биднээс өөр Армени хүн байсан ба Христийн шашинтан тэрээр өөрийн биеэр хаанд намайг танилцуулахыг хүсч байгаагаа хэлсэн.

Би эелдгээр татгалзсан. Би татгалзсан шалтгаанаа хэлэхдээ түүний өвөг дээдэс нь Хазаражатад манай хүмүүст маш харгис хэрцгий хандсан тухай ахмадад тайлбарласан. Тэр инээмсэглэн хэлэхдээ "Та бол жинхэнэ монгол, хэрвээ та энэ талаар удаан хугацаанд санаж явсан юм бол энэ тухай ямар нэгэн зүйл хэлэх ёстой" гэсэн.

Ахмад Стивен Иосеф нь мэдлэгтэй хүн байсан ба тэр бүс нутгийн түүхийг сайн мэдэж байсан бөгөөд Армений эсрэг Туркийн явуулсан геноцидыг мэддэг тэрхүү аймшигт хэргийн нэгэн гэрч нь байсан. Хожим намайг 17 жилийн хугацаанд Кабул дахь манай Элчин сайдын яамны агаарын цэргийн атташегаар ажиллах хугацаанд Захир Шах ч нэг хэсэг хаан хэвээр байсан. Би 1972 оны эхээр Пакистаны Элчин сайдын яаманд агаарын цэргийн атташегаар томилогдож, Кабул хотод ирэх болсон ч хүнд сурталт хоцрогдсон түшмэдийн балгаар арван сарын турш хойшлогдож байсан. Би гэр бүлийн хамт 1973 оны нэгдүгээр сард Кабул хотод ирсэн. Бид орон сууцандаа төвхнөөд дараа нь дэлгүүр явахаар шийдсэн.

Бид дэлгүүрийн эздийн олонхи нь Хазарчууд болохыг мэдээд гайхаж байлаа. Кабул хотод, биднийг халуун дотноор угтан авсан тэр хүмүүс бидний хэн болохыг мэдэж байсан бөгөөд мэдээж бидний ирэхийг хүлээж байсан юм. Энэ уулзалт бидний сэтгэлийг дулаацуулж сайхан байж билээ.

Одоо өнгөрснөө эргэн дурсахад би 1955 онд Пакистаны агаарын хүчний залуу офицер байхдаа Афганистаны хаантай уулзахаас татгалзсанаа гайхдаг юм. Гэхдээ миний гэр бүл Чингис /Changazi/ удмынх гэдгээр би бахархаж байна, тиймээ энэ бол миний гэр бүл. Би Монгол хүн, бид монголчууд гэдгээрээ би бахархдаг" гэж тэр ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ