Мажоритари систем жижиг намуудыг шахав

Улс төрийн нам, эвслүүд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн энэ удаагийн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд ирүүлж дуусаад байна. Хуульд заасан хугацаа буюу дөрөвдүгээр сарын 30-ны дотор хүсэлтээ ирүүлсэн улс төрийн хүчнүүдийн дунд сүүлийн хэд хоногт ихээхэн өөрчлөлт, хөдөлгөөн орсон нь мэдээж хэрэг сонгуулийн системийг мажоритари тогтолцоо руу түлхэх болсон нөхцөл байдалтай холбоотой. Долоо хоногийн өмнө буюу Үндэсний аудитын газар сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн 14 нам, хоёр эвсэл байсан бол СЕХ-нд эцсийн байдлаар 13 нам, гурван эвсэл оролцохоор болж өөрчлөгдсөний дотор МҮАН, Эх орон нам Ардчилсан намыг сонгуульд дэмжин орохоо баталгаажуулжээ. СЕХ-нд албан ёсоор дэмжиж оролцоно гэдгээ баталгаажуулсэн бичиг хүргүүлээгүй боловч ИЗНН таван гишүүнээ УИХ-д, гурван гишүүнээ АН-ын нэрээр сонгуульд өрсөлдүүлэхээр тохиролцоо хийснээ албан ёсоор зарлачихсан.

Жижиг мажоритари хувилбараар сонгууль явагдах нь тодорхой болсон нөхцөлд дээрх намууд байнд ч үгүй банзанд ч үгүй хоосон хоцрох нь тодорхой болсон тул ийм алхам хийж байна хэмээн харж болох. Тиймээс ядаж намын удирдлагуудаа том намын нэрээр Их хуралд гаргах сүүлчийн боломжоо л тэд ашиглахаас өөр гарцгүй болж. Эх сурвалжийн мэдээллээр МҮАН-аас гурав, Эх орон намаас хоёр, ИЗНН-аас таван гишүүн Ардчилсан намын мандатаар Их хуралд хүч үзэх тохиролцоо намуудын дунд болсон гэнэ.

Дээрхээс гадна олны анхаарлын төвд орсон бас нэг үүнтэй төстэй үйл явдал нь ХҮН-аас гарлаа. Өнгөрөгч өдрүүдэд жижиг намуудыг хөдөлгөөнд оруулсан хүчин зүйл ХҮН-ыг ч тойрсонгүй гэж хэлж болно. ХҮН-ын дарга Т.Ганболдын гарын үсэгтэй СЕХ-нд хандсан албан тоотод энэ нам мөн л 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ыг дэмжиж оролцохоор болсон тухай дурджээ.

Тухайлбал уг бичигт “Манай намын улс төрийн удирдах албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга, С.Боргил тэргүүтэй гишүүдийн ёс суртахуун, улс төрийн соёлын төлөвшил нь улс эх орны төрийн эрх барих үйл хэрэгт оролцох хэмжээнд хүрч төлөвшөөгүй” хэмээгээд мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг УДШ-д намын даргын бүртгэлд бүртгүүлэхгүй байх хуйвалдааныг удаа дараа зохион байгуулснаас үүдсэн намын дотоод зөрчил, тэмцлээ нэгдмэл байдлаар шийдвэрлэж чадахгүйд хүрсэн учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлж оролцохгүйгээр Ардчилсан намыг дэмжин оролцохоор болсноо үүгээр мэдэгдэж байна гэжээ.

ХҮН-ыг шинэ үеийн улс төрийн гуравдагч хүчин болох нь хэмээн харж байсан хүмүүс байсныг үгүйсгэж болохгүй. Тэгвэл тийм бодолтой хүмүүс, гишүүд дэмжигчид нь дахин дөрвөн жилийг уйгагүй хүлээж, нам нь улстөрийн гуравдагч хүчин болох эсэхийг харах болох нь.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ