Д.Тэрбишдагва гишүүн бүлгээсээ гарч, эвслийн задралаас шалтгаалж засаг огцорч болзошгүй


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва бүлгээсээ гарах уу гэдэг асуудал ойрын өдрүүдийн гол сэдэв боллоо. Өнгөрсөн долоо хоногт чуулганаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байх үеэр тэрбээр "Завсарлага авч болохгүй" хэмээн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн юм. Мөн тэрбээр микрофонгүйгээр "би бүлгээсээ гарна" гэж орилсон нь хэвлэлүүдийн анхаарлыг нэлээд татсан билээ.
Тэгвэл тэрбээр өнөөдөр нэгэн хэвлэлд "Үнэндээ дургүй хүрч байна. Нам гэдэг нэг хүний үзэл бодлоор бүхий л асуудлыг шийддэг биш олонхоороо ярилцаж хэлэцэж шийдвэр гаргадаг байх ёстой. Намын жагсаалт гэсэн халхавчийн ард улстөрчид нуугдаж парламентын гишүүн болдгийг олон түмэн шүүмжилж өөрчлөхийг хүсч байхад Шударга ёс эвслийн бүлэг хүртэл завсарлага авч гацааж байна. Энэ мэт шударга бус үйлдал, шийдвэр нь Шударга ёс эвслийн бүлгээс гарахыг шахаж байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Хэрвээ Д.Тэрбишдагва гишүүн бүлгээсээ гарвал эвслийн бүлэг задарна. Учир нь өнгөрсөн сарын эхээр Л.Цог, Г.Уянга нар эвслийн бүлгээс гарснаар тус бүлэг найман гишүүнтэй болж үлдсэн юм. Тиймээс Д.Тэрбишдагва гишүүн бүлгээсээ гарвал Шударга ёс эвслийн бүлэг задрах ба улмаар Засгийн газар огцрох нөхцөл бүрдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ