Ахмад хуульчид эсэргүүцлээ илэрхийлэв


Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг шинэчлэн найруулж, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах тухай хуулийн төслүүдийг УИХ ирцгүйгээр хэлэлцэн батлахаар улайрч байгааг олон нийт гайхан шүүмжилсээр байна.
Энэ удаад тагнуул, цагдаагийн байгууллагад олон жил ажилласан ахмад хуульчид эсэргүүцэж, УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлжээ. Дээрх хоёр хуулийн төсөлд мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг тусгаагүй нь уг хууль өөрөө түргэн түүхий болсны нэгэн илрэл гэж тэд үзэж байна. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганы ирц бүрдээгүй байхад ийм чухал хуулийг эзгүй гишүүдийн кнопыг ашиглан баталж байгаа нь УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдсан бүдүүлэг явдал гэжээ.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлах олон ноцтой үр дагавар бүхий бүлэг, хэсэг, заалтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгээс нэмсэн тул тэдгээр бүх заалтыг хуулийн төслөөс авч хаяхыг ахмад хуульчид шаардаж байна. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой бүхий л зүйл төрийн нууцын маш нууцын зэрэглэлд хамаардаг тул эдгээр хуулийн төсөлд мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгах, хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт хийлгэх ёстой хэмээн тагнуулын болон цагдаагийн хурандаа нар УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагадаа бичжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ