Эхнэртээ уурлаж мөнгө тараасан гэх компанийн эзний асуудлыг шалгаж эхэллээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригийг орой 19.00 цагийн орчимд 00-06 УНК дугаартай хар өнгийн "Жи класс" маркийн автомашинтай залуус мөнгө тараасан асуудал олны анхаарлыг ихэд татаж буй. Тэд Багшийн дээд, Улаанбаатар их дэлгүүр, Хүнсний 20 орчимд 10000, 20000 төгрөг иргэд рүү цацсан байдаг. Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, нэгэн компанийн захирал эхнэртэй уурласнаас болж ийнхүү мөнгө цацсан нь болохыг албаны эх сурвалж мэдээлсэн. Улмаар таг чиг болсон энэ асуудлыг дахин албаны эх сурвалжаас тодруулахад "Иргэдээс энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж ирсэн зүйл байхгүй: Одоогоор мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулж байна. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг зүй бусаар захиран зарцуулсан гэх зүйл заалт бий. Энэ дагуу шалгах уу, эсвэл өөр асуудал уу гэдгийг шалгалтын явцад тогтооно" гэлээ. Дашрамд дурдахад, "Жи Класс" маркийн автомашинтай залуус нийт 6 сая орчим төгрөг цацсан гэх мэдээлэл байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ