2016 оны сонгууль жагсаалтгүй боллоо

Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар оны өмнөхөн батлагдсан Сонгуулийн тухай хуулийн томоохон заалт Үндсэн Хуулийг зөрчсөн гэх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн болох нь Үндсэн Хуулийг зөрчсөн байна гэж үзсэн юм. Энэхүү дүгнэлтийг УИХ-ын чуулганы өнөөдрийннэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж 80.4 хувийн саналаар хүлээн авлаа.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хэрхэн байр суурь илэрхийлсэн талаар хүргэе.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

-Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ Дунд суудлын хуралдаанаар үгүйсгэж захиалгын шийдвэр гаргасан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцооны эсрэг зогсож байгааг гайхаж байна. МАН төлөвшөөгүй нам байна. Бид буруу юм хийсэн учраас одоо болъё гэж байгаа нь 2016 онд яаж олонхи болох вэ гэдэг бодол зүүдээрээ захиалгаа гаргачихаад сууж байна. Үүнд харамсч байна.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Бүх намууд энэ дөрвөн жилд татварын шинэчлэл хийнэ гэж амласан. Одоог болтол хийсэнгүй. Бизнесийн орчныг сайжруулъя, зөвшөөрлийг хялбаршуулъя гэж бүх нам амласан. Сонгогчиддоо очоод юу гэж хэлэх вэ. Сонгуулийн тогтолцоо ярьсаар таарлаа гэх үү. Зөвшөөрөл хүнд суртлыг байхгүй болгоё гэж ярьсан, тогтолцоо ярьсаар таарлаа гэх үү. Хүмүүсийн амьдралыг сайжруулах, ажиллах орчныг сайжруулах, орлогыг нь нэмэгдүүлэх, тогтвортой байлгах хуулиуд хэлэлцэгдэхгүй байгаад байна. Тиймээс хоёр намын бүлэгт хандаж хүсэлт тавихад ард түмэнд хэрэгтэй, бизнес эрхлэгчдэд хэрэгтэй хуулийг шахаж байгаад шийдээд яваасай.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтэд эргэлзэж байна. Холимог систем маш дэвшилттэй гэж МАН өмнө нь батлуулсан байтлаа яагаад өнөөдөр ухрав. Сайн хууль байгаа ч хэрэгжилт дээр завхрал гардаг. Сум, дүүрэгт нэр дэвшээд ард түмний санал авагүй, ёс суртахуунгүй хүмүүс намын жагсаалтаар орж ирснээр ард түмэн жагсаалт дэмий юм гэж үзэж байгаа нь үндэстэй. Жагсаалт байхгүй болбол нийгмийн зорилтот хэсгээс хүмүүс хууль тогтоох төвшинд орж ирэхгүй болно. Нэр дэвших боломжгүй болно. Ирээдүйд маш том ухралт хийж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. 60 гаруй орон пропорциональ системээр явж байна. 11 гишүүний 40 хувь нь жагсалтаар орж ирсэн. Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Хүүхдийн хуульд манаач хийсэн. Ийм том дэвшил гарсан зүйлээсээ ухрах нь. УИХ-ын эрэгтэй гишүүд Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг устгах талаар ярьсан байгаа. Ийм зүйлээр далимдуулж квотыг устгавал эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж тэмцэнэ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Сонгуулийн хуулийг асуудалтай, маргаантай байдалд баталбал иргэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх вий. Өнгөрсөн долдугаар сарын 1-ний хар үйл явдал давтагдах вий. Энэ тохиолдолд бүх хариуцлагыг Үндсэн Хуулийн Цэцийнхэн үүрэх ёстой.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж:

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг буруутгах нэг хэцүү, зөвтгөх нэг хэцүү. ҮХЦ цагаан дээр хараар бичсэн Үндсэн Хуулиа сахиж байгаа. Протколд тулгуурлаж шийдвэр гаргасан, яах аргагүй л ингэж шийдэхээс аргагүй байсан. Гэтэл амьдрал дээр Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэр сүүлийн нэг жилийн хугацаанд их шуугиан тарьж байна. Миний ойлгож байгаагаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлага олон хуулийн буцалтаас харагдаж байгаа.

УИХ-ын дэд дарга Л.Цог: Цэц хоёр өөр дүгнэлт гаргасан гэдэг нь худлаа Р.Гончигдорж оо битгий худлаа яриад бай. Энийг Цэц захиалгаар хийгээгүй, Улсын бага хурлын гишүүн Бадарч гэж хүн хагас жилийн өмнө маргаан үүсгэсэн юм билээ, үүнийг нь дарчихсан байсан. Бага хурлын дарга, Үндсэн хуулийг баталсан хүн байж, Р.Гончигдоржийг би гайхаж байна. Үндсэн хуулийн үүсмэлээ бид ярьж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөв гэж хүлээж авахгүй бол болохгүй. Бүрэн эрхийн хугацаа дууслаа, дараагийн УИХ-ын бүрэн эрх эхлэхэд Үндсэн хуулиар сургалт хийх хэрэгтэй байна. Олон юм бий. Үндсэн хуулийн бус аргаар бид их олон юм ярьж байгаа. Цэцийн дүгнэлтийг дэмжих нь зөв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Сонгуулийн хуулийг асуудалтай, маргаантай байдалд баталбал иргэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх вий. Өнгөрсөн долдугаар сарын 1-ний хар үйл явдал давтагдах вий. Энэ тохиолдолд бүх хариуцлагыг Үндсэн хуулийн цэцийнхэн үүрэх ёстой.

УИХ-ын гишүүн Г.Уянга

Жагсаалтад багтаж буй хүмүүс мөнгөөр, албан тушаалаар бүхнийг авдаг байдал ийм маргаан дагуулахад хүргэлээ. Жагсаалт бол Тусгаар тогтнол эв нэгдлийн намд хамгийн ашигтай хувилбар. Гэхдээ би иргэдийнхээ саналыг дагаж Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

Үндсэн хуулийн цэцийн асуудал бол ярилцаж шийдэх ёстой асуудал. ҮХЦ хоёр янзын шийдвэр гараад байгааг анхаарах ёстой. Энэ шийдвэрийг хүлээн холимог системээр явбал Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах ёстой. “Шударга ёс” эвсэл энэ асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой байтал арав хоног гацааж байна. Бүлгийн гишүүдийн шийдвэртэй нь би санал нийлэхгүй байна. Хэн ч хамаагүй нөхрийг жагсаалтад оруулчихаад байгаа нь шударга бус юм. Иймээс хэрэв 28 “ланжгар” салбарын овгоруудаа 28-даа жагсаах ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ