МИАТ-ийн удирдлагуудын зарим нь өвчтэй, зарим нь эмнэлэгт хэвтсэн байдалтай байна

“Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт холбогдох шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн ч хойшиллоо. Учир нь хурал эхэлмэгц шүүгдэгчдийн өмгөөлөгчид хойшлуулах хүсэлт гаргаж, мөн Ч.Хоролсүрэнгийн өмгөөлөгчид хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй гэлээ. Түүнчлэн тэднийг батлан даалтад гаргах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан юм. Бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч хурлыг энэ сарын 10-ны 09.00 цаг хүртэл хойшлуулж, харин шүүгдэгчдийн таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үлдээсэн.
Ингээд Ч.Хоролсүрэнгийн шинэ өмгөөлөгч Н.Ганбаатараас зарим зүйлийг тодруулав.
-Өмнөх өмгөөлөгчдийг ямар шалтгаанаар сольсон юм бол?
-Өмнөх өмгөөлөгчид мөрдөн байцаалтын явцад ажиллаж байсан юм билээ. Ингээд шүүхийн шатанд өмгөөлөгчөө солих хүсэлт гаргаснаар Н.Шинэн бид хоёр ажиллахаар болж байна.
-Шүүгдэгч нарын биеийн байдал тааруу байгаа гэсэн мэдээлэл байна л даа?
-Мөрдөн байцаалтын явцад бүгдээрээ л тааруухан байгаа. Зарим нь өвчтэй, зарим нь эмнэлэгт хэвтсэн байдалтай л байгаа.
-Таны үйлчлүүлэгчийн хувьд?
-Ер нь хүндхэн байгаа. Ходоодны өвчтэй, хоригдох хугацаанд шарх нь сэдэрсэн. Эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Цаашид зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гарсан юм билээ.
-Таны хувьд Ч.Хоролсүрэнгийн дүүд хууль зүйн туслалцаа давхар үзүүлэх юм уу?
-Дүүгийнх нь хувьд өөр өмгөөлөгчтэйгээр шүүх хуралд оролцоно.
Ингээд Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монголоос зарим зүйлийг тодрууллаа.
-Ц.Орхоны биеийн байдал ямар байгаа вэ?
-Биеийн байдал зүгээр байгаа.
-Таны хувьд түүнийг суллуулах хүсэлтийг прокурорт гаргасан. Ямар хариу өгсөн бэ?
-Миний үйлчлүүлэгчийн хувьд бол энэ хэрэгт хамааралгүй. Нэг үгээр бол гэм буруугүй. Миний тавьсан хүсэлтийг шүүхийн шатанд шийдье гэсэн хариуг өгсөн. Хавтаст хэргээс үзэхэд Ц.Орхоныг яллах ямар нэгэн үндэслэл, нотлох баримтбайхгүй. Харин энэ хүн бол хэргийг илрүүлсэн. Тэр гэрээг таслан зогсоосон хүн шүү дээ. Ц.Орхоныг энэ хэрэгт хамааралгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгочихсон. Прокуророос шүүхээр л шийдье гэсэн байр суурьтай байгаа.
-Түүнийг бусадтай нь адилхан зүйлээр ялын дүгнэлт үйлдчихээд байгаа шүү дээ?
-Ер нь хамтад нь зүйлчилсэн байгаа. Гэхдээ хавтаст хэргээс харахад ч тэр энэ хүн бол энэ хэрэгт огт хамааралгүй. Түүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэгт хуульч хүнийхээ хувьд итгэлтэй байна.
Мөрдөн байцаалтын явцад тэднийг нисэхийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг гэх Япон, Хонгконг дахь зохиомол хоёр ч компанийн дансаар тухайн үеийн ханшаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн болохыг тогтоосон. Мөн дээрх мөнгөнөөс өөрсдийнх нь хувийн данс болон компанийх нь дансаар нийтдээ 4.3 тэрбум төгрөг нь эргэж орж ирсэн болохыг тогтоосон билээ.
Тиймээс тэдний 16.5 тэрбум төгрөгийн хадгаламжийн данс, 27 компанид оруулсан хувь, бусад машин хэрэгслийг битүүмжилсэн юм.
Мөн тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан гэх үндэслэлээр буруутган яллахаар төлөвлөөд байгаа юм.


Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ